Өвөл дулаан хувцасласан хүн хамгийн хөөрхөн харагддаг гэдэг. Та арай “Ганган хүүхэн хавар намар” гэгчээр нимгэн, нойтон хувцастай бээрч яваа юм биш биз. Тэгвэл “тэгж тэнэгтэж” өөрийгөө хохироож болохгүй шүү гэдгийг юуны өмнө сануулъя.

Ингээд их хотын жаврыг үргээж, гоо үзэсгэлэнгээ тунхаглаж яваа бүсгүйчүүддээ зориулан энэ өвлийг хэрхэн дулаан хэрнээ дэгжин, загварлаг давах аргыг зааж өгье. Та дараах загваруудаас өөрт таалагдсанаа сонгоод гангараад үзээрэй. Мэдээж зохисон нэг нь таныг гайхалтай харагдуулах нь гарцаагүй.

1.      Шоотой, судалтай загварууд

“Heritage prints” буюу сэхээтэн, элитүүдийг санагдуулам хагас ноосон шоотой, судалтай загварууд энэ өвлийн трэндээр нэрлэгдэж байна. Уг загварыг хамгийн анх MAX MARA 1991 онд брэндийнхээ 40 жилийн ойдоо зориулан гаргасан гэдэг.

2.      Сөдөн куртикнууд

Сентафон болон өд, сөдөн куртикнууд бүх цаг үеийн шилдэг нь төдийгүй хэзээ ч хуучрахгүй бас халагдахгүй гэдгийг энэ өвөл ч трэнд хэвээр байгаагаас харж болох нь ээ. Загварлаг сөдөн куртикнууд ямар ч хувцсан дээр, хаана ч өмсөж болдогоороо давуу талтай.

3.      Үслэг эдлэлүүд

Үслэг эдлэлийг зөвхөн “гангараанд” гэж боддог байсан цаг үе ард хоцорчээ. Ялангуяа Монгол шиг хүйтэн өвөлтэй улс оронд үслэг эдлэл эмэгтэйчүүдийн “аминд” орох нь дамжиггүй. Уг загварын хувцас нь бүсгүй таныг өвлийг өнөтэй, дулаахан давахад тань туслах төдийгүй тун загварлаг, дэгжин харагдуулна. Энэ нь гэхдээ заавал ориг үс /ан амьтны/ байх албагүй гэдгийг санаарай. Дууриамал үс ч трэнд болж буй. Танд зориулж сонирхолтой түүх сөхөхөд, хуурамч үслэг эдлэлийн хувцсыг анх 1929 онд зах зээлд гаргаж байсан гэдэг. Ингэхдээ Өмнөд Америкийн тэмээний нэг төрөл болох Альпакагийн үсийг ашиглан өөр бусад ан амьтны үсийг дуурайлган төрөл бүрийн загварууд урлажээ. Улмаар 1940-өөд онд нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн технологийн дэвшил нь хуурамч үслэг эдлэлийн чанарыг эрс сайжруулж, хэрэглэгчид ч ихэд таашаах болсон байна.

4.      Төрөл бүрийн үслэг захтай цувнууд

Үүнд зах болон энгэр, ханцуй, хормой хэсэгтээ үслэг эдлэлийн оруулгатай гадуур хувцаснууд багтана. Өөрөөр хэлбэл, үслэг эмжээр, сортой куртик, цув, пальтонууд энэ өвөл ч трэнд хэвээр байна.

5.      Арьсан цувнууд

Нэхий болон арьсан, савхин хүрэмнүүд өвөл ч мөн загварлаг харагддаг. Тус загвар энэ өвөл ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн хувьсаж, таны өвлийн гангарааны жагсаалтын сонголтод байна.

6.      Офицер цув

Энэ бол та бидний сайн мэддэгээр хавар, намрын цув. Илүү ажил хэрэгч, цэмбэгэр харагддаг загвар шүү дээ. Гэхдээ та өвөлд зориулсан зузаан материалтай, дотортой цувыг сонгоорой. Сонирхуулахад, тус загварыг хамгийн анх офицеруудад зориулан хийгдэж байсан түүхтэй ажээ. Ихэвчлэн шагай хүртэлх урттай, гүнзгий халаастай, ханцуй болон урд хэсгээрээ том товчтой, эмх цэгцтэй, ажил хэрэгч харагдуулах үүднээс бүслэх зориулалттай урлаж байсан гэдэг. Тиймээс оффисын ажил хэрэгч хүмүүст илүү тохиромжтой юм.

7.      Ан амьтны судалтай үслэг эдлэлүүд

Дахин сануулахад энэ нь мөн л заавал ориг үс байх албагүй юм. Барын, ирвэсний судалтай, цоохор толботой маш дулаан, зөөлөн үслэг эдлэлүүдийг та санаж байгаа байх. Магадгүй сонгосон ч байх. Уг загвар энэ өвлийн трэнд гэдэг нь дэлхийн бүхий л алдартай брэндийн барааны дэлгүүрт эхний эгнээнд нүүр, царай болсноос харж болох юм.

8.      Тэдди

Тэдди загвар энэ жилийн турш трэнд болж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа биз ээ. Зөөлөн, хөнгөн төдийгүй чөлөөтэй загвар голлодог “тэдди”-нүүд охид, бүсгүйчүүдийг өвлийг даарахгүй бас стилиэ хадгалж давахад тусална. Ихэвчлэн “Teddy Bear Coat” нь том, өргөн загвартай боловч маш эмэгтэйлэг, илүү эгдүүтэй харагдуулдаг.

9.      Сул загвартай нэхий

Урт, богино, үслэг дотортой нэхийнүүд өвөл, өвлийн трэнд байдаг. Энэ жилийн хувьд гаднаа толботой, судалтай, будагтай загварууд тэр дундаа дотор талын үслэг хэсэг нь зах, энгэр, ханцуй, хормой, урд хэсгээр үл ялиг илүү гарсан чөлөөт загварын нэхийнүүд ноёрхож байна.

Дашрамд сануулахад, жил ирэх тусам хүмүүсийн загварт хандах хандлага өөрчлөгдөж, жинхэнэ амьтны үсээр хийсэн хувцаснаас илүүтэй “FAKE” буюу /FAUX FUR/ дуураймал үсийг таашаах болсон. Ялангуяа энэ өвлийн трэндээр загварын мэргэжилтнүүд дууриамал үсээр хийсэн төрөл бүрийн загварлаг гадуур хувцсыг санал болгож байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу