Г.Занданшатар: Төрийн албаны “зомби” нараас болж улсад 810 сая төгрөгийн хохирол учирсан

0
90

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзаж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гаргасан онцлог шийдвэр, хууль тогтоомж, зорилго чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өгсөн байна.

Тэрээр төрийн алба хаагчдыг ялагч байх ёстой гэдгийг тодотгожээ. Мөн хэлсэн үгэндээ “Төрийг төр шиг байлгахын тулд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байна. Төрийн алба тогтвортой байна. Улс төрөөс ангид, мэргэшсэн, чадварлаг, мерит тогтолцоонд үндэслэсэн байна. Үүнийг хангасан цогц өөрчлөлтүүд хийгдэнэ. Өөрчлөлт сонгон шалгаруулалтаас эхэлнэ. Хамгийн чадварлаг, ёс зүйтэй хүмүүсийг төрийн албанд ажиллуулдаг болно. Энэ өөрчлөлтийг Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлж эхэлж байгаа.

Төрийн албан хаагчдыг төрийн албаны менежментийн онолд 5 хэв маягаар тодорхойлж байна. Нэгдүгээрт ялагч нар. Тэд өгсөн үүрэг даалгаврыг сайн хэрэгжүүлээд зогсохгүй, санаачилгатай ажилладаг, үр дүнд хүргэж чаддаг. Хоёрдугаарт нь сайн гүйцэтгэгчид гэж байна. Энэ бол өгсөн үүрэг даалгаврыг яс хэрэгжүүлдэг хүмүүс. Гуравдугаарх нь муу гүйцэтгэгчид. Үүргээ хагас дутуу хэрэгжүүлдэг хүмүүс гэсэн үг. Дөрөвдүгээрт зомби нар гэж байдаг аж. Амьд үхдэл мэт, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүмүүс. Санаачилгагүй, хувиа борлуулж, довоо шарлуулаад явж байхыг илүүд үздэг. Тавдугаарт хорлон сүйтгэгч нар гэж байна. Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар ийм улсуудаас болоод улсын төсөвт 810 сая төгрөгийн хохирол учирсан байна.  Төрийн албан хаагчдын гаргасан буруу шийдвэрээс болж гарсан хохирол гэсэн үг.

Авлигаас болж гарч байгаа хохирлын хэмжээг тооцож баршгүй. АТГ 2.0 их наяд гэж мэдээлсэн.

Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийг дээрхийн адил 5 ангилж болно. Хорлон сүйтгэгчид жишээ нь бий. Хар тамхины хэрэг дэлхий дахинд Монгол Улсыг, Монголын төрийг шороотой хутгалаа. Хохирлын хэмжээг мөнгөөр үнэлэх аргагүй. Наанадаж өөрийнхөө карьерийг, цаашлаад дипломат албаны болон Монгол Улсын нэр хүндийг, дипломат хөх паспортын чадамжийг алдагдуулсан хэтэрхий хариуцлагагүй үйлдэл бол энэ. Хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болно. “Саарал жагсаалт”-д ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл энэ мөн. Бусад 4 төрлийг ярилгүйгээр ганцхан жишээг дурдаад зогсъё. Сайн, муу гүйцэтгэгч, зомби мэт хүмүүсийн аль аль нь бий. Ялагч мэт ажиллаж байгаа хүмүүс ч байна. Төрийн дипломат албаны ажилтнууд бүгдээрээ ялагч байж, санаачилгатай, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч, эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж ажиллах шаардлагатай байна. Энэ бол шинэ цаг үед тавигдаж байгаа шаардлага, хамгийн чухал зорилт юм. 2020 оноос энэ шаардлагыг улам хүчтэй, хатуу тавих болно” гэжээ.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль бус наймаа хийдэг, далд эдийн засаг нь газар авсан, Монгол Улс зэвсгийн наймаа хийгээд байдаг ч юм шиг, иймэрхүү “саарал” дүр төрхийг гадаад ертөнцөд бид өөрсдөө бүрдүүлсэн нь энэ асуудалтай ямар нэг байдлаар холбогдоно. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдаж, 35 их наяд буюу Монгол Улсын ДНБ-ээс бараг 2 дахин их мөнгө ил болсон. “Ийм их мөнгө далд байсан гэж үү” хэмээн гаднынхан гайхаж байгаа. Тэр их мөнгөний эх үүсвэр хаана байна гэхээр өнөөх дуулиан шуугиант хэрэг явдлууд хардлага сэрдлэгийн үндэс болж байгаа юм.

Түүнчлэн оффшорт төчнөөн тэрбум доллар байна гэх мэт дотоодын хариуцлагагүй мэдэгдлүүд, замбараагүй байдал бас нэрмээс болж байна. Ийм учраас ФАТФ-ын тавьсан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, нөгөө талаар бодит мэдээллийг гаднынханд өгөх, тэдний дэмжлэгийг авах нь чухал байна.  Ер нь бидний авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг суугаа болон хавсран суугаа орнууддаа шуурхай мэдээлж, зөв тайлбарлан ойлгуулах нь чухал шүү” хэмээжээ.

УИХ-аас Арабын Нэгдсэн Эмират Улс, Беларусь Улсад ЭСЯ, БНХАУ- ын Шанхай, Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тогтоол баталсан. Үүний зэрэгцээ Куба, Польш, Тайланд, Швед, ОХУ, НҮБ-д суух Элчин сайд нарыг томилох асуудлыг шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу