Хүн дөнгөж төрөөд хувцсанд өлгийдүүлэн түүнтэй анх танилцан энэ хорвоогоос явах хүртлээ түүнтэй хамт байж, салахдаа хүртэл түүнд өлгийдүүлдэг гэж нэгэн ухаант хүмүүн эшлэсэн нь бий. Ийн хэлсэнчлэн хувцас бидний салшгүй хэрэглээ байсаар ирэв. Харин орчин цагт нийгмийн хөгжлийн хувьслыг дагаж хувцас хүмүүний хэн бэ гэдгийг илтгэхийн зэрэгцээ хэн байхыг ч тодорхойлж, цоо шинээр бүтээх хүчтэй зэвсэг болж хувирчээ.

Энэ удаагийн “Men guide” буланд бид Монголын тансаг зэрэглэлийн хувцасны зах зээлд хүч түрэн орж ирсэн “Альфред тэйлор” брэндийн үүсгэн байгуулагч, “Сэйнт Альфред Энтерфрайз клуб”-ын Ерөнхий захирал  Э.Билгүүнийг урьж, ярилцлаа. Тэрээр өөрөө өөртөө ажлын байр бий болгохын зэрэгцээ өөр бусдад боломж нээсэн Монголын миллениал, манлайлагч, энтерпренёр залуусын төлөөлөл юм.

– “Альфред Тэйлор” брэндээ хэзээ нээсэн бэ?. Үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцаач.

– 2019 оны долдугаар сард нээлтээ хийсэн. Хэдийгээр саяхан нээлтээ хийсэн боловч энэ бол 2012 оноос эхлэлтэй мөрөөдөл минь юм. Тухайн үед би найзуудынхаа хамт контент үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан. Загварын зургууд их авдаг байлаа. Тэгээд л найзуудтайгаа хамтарч загварын шоу хийх үү, яах уу зэргээр нэлээд ярилцдаг байв. Түүнээс хойш өөр өөр салбарт янз бүрийн зүйлд хүчээ сорьж мөн сурч боловсорч явсан ч цээжинд “Альфред тэйлор” брэнд нээнэ гэдэг мөрөөдөл явсаар л байсан. Бүр фэйсбүүк хуудсыг нь ч нээчихсэн л яваад байлаа. Тэгтэл энэ жил найз маань олон жилийн өмнө ярьж байсан ажлыг чинь хамтарч хийе гэдэг санал тавьж, бидний ажил эхэлсэн. Одоо Хонконг дахь үйлдвэрээ найз минь 100 хувь хариуцаж ажилладаг. Альфредийг эхэлсэн түүх нь ийм. Багын мөрөөдөл минь одоо л бодит болж, эхнээсээ биелж байна гэж ойлгож болно. Тэгээд би нэг зүйлийг бодсон юм. Хүн ер нь томоор мөрөөдөж байх хэрэгтэй юм билээ. Мөнгө төлөх биш мөрөөдөл шүү дээ. Тултал нь л мөрөөдөх хэрэгтэй. Манай нэг ах байнга хэлдэг. “Миний мөрөөдөл бүр биелдэг. Тиймээс миний дүү нар том мөрөөдөж бай” гэж. Нэг л өдөр цээжинд асч яваа тэр бүхэн эхнээсээ биеллээ олдог. Учир нь өөрийг чинь асааж яваа тэр зүйлдээ хүн хүрэхийн тулд алхам хийж, сайн менежмент боловсруулж, зорилтуудыг тооцоолж, төлөвлөж байдаг. Ингээд л аажмаар өнөөх том зүйл чинь биелчихсэн, дахиад л чи дараагийн зүйлээ бодчихсон явна байх. Бид яг ийм л зарчмаар явсаар өнөөдөр “Альфред” брэндийн эхний ажил “Альфред Тэйлор”-ээ эхлүүлээд явж байна даа.

– Одоогоор танай гол хэрэглэгч хэн байна вэ?

– JCI олон улсын байгууллагын энэ жилийн удирдлагууд, гишүүд, бөхчүүд, төрийн албаныхан байна. Сүүлийн хоёр сар ялангуяа том биетэй залуус, бөхчүүд маш их үйлчүүлж байна.

– Цаашид гол хэрэглэгч тань хэн байх вэ?

– Хүн бүхэнд нээлттэй. Бид зэрэг зиндаа заахгүй. Хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан болон биеийн ямар ч хэлбэр, хэмжээтэй хүн байсан хувцсыг нь бид урлаж өгнө. Үүнд ч захиалгын хувцасны брэндийн гол ялгаа нь орших болов уу. Хүн бүр гангалах дуртай, тийм ч эрхтэй. Тэр эрхийг нь бид хүндэтгэнэ.

альфред тэйлор брэндийн зорилго нь чөлөөтэй амьсгалдаг хослол урлах юм.

– Танай брэндийн онцлог нь юу вэ?

– Монголд дундаас дээш буюу тансаг зэрэглэлийн хослолын 10 гаруй тэйлорууд бий. Манай тайлорын хувьд гаднаас ямар нэгэн мундаг оёдолчин уриагүй. Дэлхий бид нарт нээлттэй учраас хаана, хэн чадаж байна түүнтэй хамтарч холбох гүүр болъё гэсэн агуулгатай брэндээ нээсэн. Бид үйлчлүүлэгч нартаа солонгос, итали торгыг санал болгодог. Үйлчүүлэгч ямар өнгө, загвартай, ямар материалаар хийлгэхийг хүсч байна, тэр захиалгынх нь дагуу хослолыг нь Хонконг улсад урлаж, 3-7 хоногийн дотор гаргаж өгч байгаа. Магадгүй үйлчүүлэгч барын арьсаар ч хослол хийлгэхийг хүсч болно. Тэгвэл бид татгалзах аргагүй. Үйлчлүүлэгч юу хүсч байна, түүнийг л урлах болно. Мөн үйлчлүүлэгч хүндэтгэх шалтгааны улмаас манай дээр ирэх боломжгүй тохиолдолд бидэнтэй холбогдож, хаягаа хэлбэл манай тайлор очиж хэмжээ аваад, захиалгыг нь баталгаажуулна. Хамгийн шуурхай, яаралтай захиалга гурав хоногийн дотор гарч байна. Бас нэг чухал зүйл нь, чөлөөтэй амьсгалдаг хослол урлах юм. Хэрвээ хүн гэнэт жин нэмбэл маш их үнэ төлж, хүсч авсан хувцас нь багадчихдаг тал бий. Харин бид хүний бие 10 кг дотор хэлбэлзэхэд захиалсан хослол нь чөлөөтэй таарч байхаар урлаж байгаа. Манай гол хэрэглэгчид болоод байгаа том биетэй хүмүүст таарах хувцас олдохгүйн зовлон байдаг. Тэд ихэвчлэн хар хувцас, хослол сонгодог. Гэтэл эсрэгээрээ яг өөрт тохирсон хослолоо олоод өмсчихвөл тэд үнэхээр тансаг бас жентельмэн харагдаж чаддаг. Тиймээс манай мэргэжлийн стилист, тайлор, захиалгын менежерүүд тэдэнд зөвлөж, тохирох загвар, хэмжээтэй тансаг зэрэглэлийн хослолыг санал болгож, захиалгынх нь дагуу урлаж өгч байна. Би дээр хэлсэн Итали, Европын тансаг зэрэглэлийн загварыг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа гэж. Хослолын дотор талын материал торго байвал их зөөлөн, тав тухтай мэдрэмжийг төрүүлдэг. Дээр нь итали торго маань өөрөө бат бөх. Нэг хослол захиалаад хийлгэсэн байхад насан туршийн л гоёл шүү дээ.

– Танай брэнд нээгдээд удаагүй ч хэдийнээ өөрийн гэсэн хэрэглэгчтэй болжээ. Энэ нь юутай холбоотой вэ. Хэрэглэгчдийг татахын тулд ямар алхмууд хийсэн бэ?

– Бид нэг их ялгарах гойд зүйл хийгээгүй ч Альфред гэж нэрээ их зөв сонгожээ харж байна. Мөн Монголчууд ер нь тэйлор гэхээр захиалгын хувцас гэж мэддэг болсон байна. Монголын хувцас загварын салбарт урьд нь байсан, одоо байгаа тэйлор компаниуд үйлчлүүлэгч ихтэй болж, танигдсан нь бидний бизнесийн цаг хугацааг нэлээд товчилж, энэ салбарт хөл тавихад эерэг нөлөө үзүүллээ гэж харж байна. Манай компани нээгдсэнээсээ хойш буюу гурван сарын хугацаанд 400 гаруй захиалга авсан байна. Энэ бол бага тоо биш. Цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа учраас брэндээ өргөжүүлэхэд чиглэж ажиллахаар төлөвлөөд байна.

– Загвар материалын нэр төрөл, сонголтын хувьд?

– Хязгааргүй. Бид тоонд баригдахгүй. Өөрөөр хэлбэл, хүний хүсэл, хэрэгцээ хувцас загварын мэдрэмж өөрөө хязгааргүй зүйл юм билээ. Тиймээс хэн юу хийлгэж, өмсөхийг хүсч байна, түүнийг нь урлаж өгнө. Өнгөний хувьд л гэхэд 250 гаруй өнгөний сонголт байна. Загварыг бол каталогоос үзээд эсвэл тухайн хүн нүдэндээ төсөөлж, тархиндаа ургуулсан загвараа ч захиалж болох учраас энэ нь хязгааргүй юм. Мөрөөдөл бүхнийг нь урлаж өгөхөөр л ажиллаж байна даа.

"Alfred Tailor" шинэ жилийн захиалга авч эхэллээ. 💼🎩🕶🧣🧤Байгууллага хамт олны захиалга шинэ жилийг тохиолдуулан 11 сарын…

Posted by Alfred Tailor Mongolia on Sunday, November 17, 2019

– Мөрөөдөл, төсөөлөл гэснээс хамгийн сонин, хачирхалтай захиалга юу байна вэ?

– Жокер кино гарснаас хойш залуус Жокерийн хослолыг их захиалах болсон.

– Халловены баярт өмсөх гэж захиалсан байх, тийм үү. Час улаан хослол, шар жилеткатай… Нэг л төсөөлөгдөхгүй байх чинь?

– Таны бодсоноос эсрэгээрээ маш дэгжин харагддаг хослол. Кинон дээр Жокер нүүрээ будчихсан, үсээ ургуулсан байдаг учраас сонин, содон харагддаг байх. Харин бодит амьдрал дээр шар жилетка, улаан хослол эрчүүдэд маш тансаг, дэгжин харагддаг тал бий. Ер нь сонгодог кинонуудад ч их гардаг шүү. Бас жокер гэлтгүй залуусын хамгийн их сонирхож байгаа, трэнд загвар 1970 он руу эргэсэн. Моод эргэдэг гэдэгчлэн 70, 80-аад оны шоотой, эрээн загварууд одоо залуусын дунд хамгийн их эрэлттэй байна. Бид хэдийгээр хэрэглэгчдэд цахим хуудаснаа өөр загварууд санал болгож, танилцуулсан ч залуус цагийн хэмнэлээ дагаад шоотой, эрээн хослолыг их захиалж байгаа. Хүмүүс зүүдэлж, мөрөөдөөд ирсэн загварыг нь л бид бодит болгож урлахаар захиалгаа өгөөд л ажиллаж байна даа.

– Альфред тэйлорын хувьд эрэгтэй хослолоос гадна хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан хослол урладаг юм билээ?

– Тийм ээ, эмэгтэйчүүд юбка, даашинзаас илүүтэй өмд, хослол өмсөх хандлага нэмэгдсэн тал ажиглагдаж байгаа. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувьд илүү эрч хүчтэй, дайчин, өөртөө итгэлтэй, хүчирхэг харагдуулдаг учраас тансаг зэрэглэлийн хослолоор гангардаг. Мөн тэд хүүхэдтэйгээ хосоор нь захиалж хийлгэж байна.

– Шинэ жилийн баяр ойртож байна. Томоохон брэндүүдийн хэрэглэгчдээ барьдаг бэлэг нь мэдээж хямдрал, урамшуулал. Та бүхэн ямар хөтөлбөр зарлахаар зэхэж байна вэ?

– Хамгийн үнэтэй, хамгийн тансаг гол загвартаа л тусгайлсан үнийн хөнгөлөлт зарлахаар төлөвлөөд байна. Сая бид нээлтдээ зориулж нэг сарын хугацаанд гишүүнчлэлийн картын эрхийг хэрэглэгчдэдээ бэлэглэсэн. Одоо шинэ жилийн баярын урамшуулалт үйлчилгээ маань 11 дүгээр сарын 15-наас эхэлнэ. Тухай бүр бүтээгдэхүүн дээр хямдрал зарлахаас илүүтэй тусгайлсан хослол дээрээ маш том хямдрал зарлана. Манай эмээ, өвөө нар аль дээр үед өмсөж, гангарч байсан хослолоороо одоо ч гангарч байдаг. Яг үүн шиг Итали хослол урт удаан эдэлгээтэй, насан туршийн гоёл байдаг. Тиймээс бид Алфредийг сонгосон хэрэглэгч нартаа зориулж, насаараа гангарах маш дээд зэрэглэлийн, хамгийн тансаг хослолыг хямд үнээр авах боломжийг олгоно доо.

– Альфред тэйлорын хувьд гишүүнчлэлтэй үйлчилгээ үзүүлдэг. Гишүүнчлэлийн картыг хэрхэн яаж авах вэ. Танай гишүүн байснаар ямар боломжийг эдлэх вэ?

– Монгол Улсын үйлчилгээний салбарт өөрчлөлт хийх маш олон ажлууд байдаг. Үүний нэг гишүүддээ үйлчлэх, үйлчлүүлэгч жинхэнэ утгаараа хаан байх тухай. Тиймээс бид энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд Альфред тэйлорын хэрэглэгч болсон хүмүүст гишүүнчлэлийн карт олгож, бидний үйл ажиллагааны талаарх шинэ мэдээллийг ямагт хүлээн авч, санал сэтгэгдлээ илэрхийлэх цаашлаад энэхүү картаараа дамжуулан хүссэн хослолоо хямдралтай үнээр захиалах боломжийг олгож байна. Мөн цаашид үйл ажиллагаа, брэндээ улам өргөжүүлж гишүүн байсны үнэ цэнийг мэдрүүлэх олон гайхалтай үйлчилгээнүүдийг бид санал болгох болно. Үүнийг одоогоор сьюрприз хэвээр нь үлдээе.

– Цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?

– Альфред брэндээ улам өргөжүүлж, Монголд зөвхөн жентельмэн эрчүүдэд үйлчилдэг клуб нээх эрхэм зорилготой байгаа. Мөн бид Алфред брэндийн виски, навчин тамхийг үйлдвэрлэж эхлээд байна. Үүнээс гадна клуб маань эрчүүд гэлтгүй Альфред Тэйлорын хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ цогц үйлчилгээ үзүүлдэг болохоор зорьж байна. Тухайлбал, хослол авсан хүмүүстээ засвар, хими цэвэрлэгээ, хувцас угаалгыг нь байнга хариуцдаг үйлчилгээний төвтэй болохын зэрэгцээ нэрийн брэндийн бүтээгдэхүүнүүдээрээ үйлчилдэг, амралт чөлөөт цагийн үйлчилгээнүүдийг ч үзүүлдэг болохоор төлөвлөөд шат дараатай ажлууд хийгдэж байна. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажлууд зөндөө байна.

– “Эрчүүдийн хөтөч” булангийн уламжлалт асуулт эхэлж байна. Таны шүүгээнд хэчнээн хослол байна вэ?

-20 гаруй хослол бий. Энэ бол цэвэр хоббигоороо бас хослолыг илүү мэдэрч, судлахын тулд цуглуулсан зүйл. Миний хувьд хувцас, загварын салбарт дуртай, ялангуяа хослолоор их гоёх дуртай гэх үү дээ.

– Жентельмэн эрчүүдийн заавал авч явах гоёл юу байх вэ?

– Эр хүн дор хаяж гурван хослолтой байх хэрэгтэй болов уу гэж боддог. Гоёлын, өдөр тутмын, ажил хэргийн гэсэн гурван хослолтой байвал их зүгээр. Гэхдээ сүүлийн үед манай эрчүүд эмэгтэйчүүдээс илүү ганган болчихоод байгаа. Тэд цүнхэндээ нусны алчуур, шилний алчуур, навчин тамхи, асаагуур, үзэг балны арьсан сав зэргийг байнга авч явдаг болсон байна. Мөн хослолынхоо хажуугаар энгэрийн зүүлт, зангианы хавчаар, цаг, бөгж гэх мэт олон тансаг аксессурараар гоёдог болжээ. Эдгээр нь жентельмэн эрчүүдэд байх ёстой гоёлууд гэж бодож байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу