“Сонгуулийн стратеги төлөвлөлт гэж юу болох, яагаад маш чухал байдгийг ойлгодог улс төрчид тун ховор”

0
129

“Сонгууль дуусаад мартагддаг зүйлийг СТРАТЕГИ гэдэггүй юм.”

WINNER STRATEGY GROUP-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбаатар

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө сар хүрэхгүй хугацаа үлджээ. Сонгуульд нэр дэвшигчид ч аль хэдийн тодорхой болж бүгд л өөр өөрсдийн сонгуулийн кампанит ажлыг эхлүүлэх их ажил руугаа ханцуй шамдсан байна. Тиймээс орчин үеийн сонгуулийн технологи, стратеги гэж юуг хэлэх, хэрхэн сонгуулийн кампанит ажлыг амжилттай удирдан явуулдаг талаар “WINNER STRATEGY GROUP”-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбаатартай ярилцлаа.

-Сонгуулийн үеэр санаанд орсон зүйлсээ ярьж, сонгууль дуусахаар мартчихдаг улс төрчид өнөөдөр тоо томшгүй олон байна. Өөрөөр хэлбэл зөвхөн сонгуульд ялалт байгуулахын төлөө юуг ч хамаагүй зохион ярьж, үндэслэлгүй хоосон амлалтуудыг ар араасаа өгсөөр өнөөдрийг хүрлээ. Тэгвэл эдгээр ялахын төлөөх үйл ажиллагаа нь сонгуулийн стратеги мөн үү?

Юун түрүүнд стратеги гэж юуг хэлдэг талаар үндсэн ойлголтыг мөн одоогийн улс төрчдийн баримтлаад байдаг улс төрийн арга техникийн талаар товч дурдая.

“Стратеги гэдэг нь дахин давтагдашгүй, цор ганц санааг гаргаж ирэх, өөр байх, оновчтой байх, тасралтгүй ялгарах шинж чанар бүхий үйл явц ажиллагааг л хэлээд байгаа юм.”

Одоо бол улстөрийн намуудын сонгуулийн стратегийг хэн хийгээд байна гэхээр мэдрэмжтэй, туршлагатай гэгдэх үе үеийн намын лидерүүд хийж байна. Эд нараас мэдрэмж бас туршлага гарна. Туршлага бүр сайн байдаггүй. Туршлага бол өөрөө алдааны цуглуулга. Манай туршлага бүхий улс төрчдийн мэдрэмж нь нөгөөх л хар пи ар, харлуулалт, гүтгэлэг, мөнгө тараах, царцаа нүүлгэх. Гаршсан арга, туршлага нь ерөөсөө энэ.  Ингэж сонгуулийг удирдаж байгаа нь өөрөө сонгууль ийм явдаг гэдэг ойлголтийг нийгэмд үүсгэчихсэн. Сонгуулийн технологи, стратеги гэж энэ юм байна гээд улс төрчид нь бат ойлгочихсон харамсалтай асуудал байна. Энэ бол хатуу үнэн.

Тиймээс л бид хөгжингүй орнуудын нэгэн адил улс төрийн системдээ өөрчлөлт шинэчлэлтийг хийхээс гадна улс төрчдийнхөө сэтгэхүйд өөрчлөлтийн галыг асаах цаг нь болжээ.

Өөрөөр хэлбэл таны хэлсэнчлэн сонгуульд зөвхөн ялахын төлөө юуг ч хамаагүй ярьж, хийдэг ганцхан сарын хугацаатай зүйлийг сонгуулийн стратеги гэх үү? гэсэн асуултын хариулт нь одоогийн Монголын улс төрчдийн сэтгэхүйг харуулаад байгаа юм.

Гэвч энэ бол сонгуулийн жинхэнэ стратеги биш гэдгийг онцлон хэлмээр байна.

Та маркетингийн богино хугацааны идэвхижүүлэлтийг, богино хугацааны ялалтад хүргэх тактикуудыг л хийгээд яваад байгаа болохоос урт хугацааны стратегийг хийгээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гэвч улс төрч хүнд богино хугацааны бус урт хугацааны стратеги төлөвлөлт хамгийн чухал зүйл байдаг.

Тиймээс таны маркетингийн үйл ажиллагаа ч дуусаж, гол зорилго сонгуульдаа ч ялангуут, амлалтаа биелүүлдэггүй, худалч улс төрч нэгээр нэмэгдэж байгаа хэрэг л дээ.

Хамгийн чухал нь өнөөгийн сонгогчид ч ийм хоосон амлалттай улс төрчдийг сонгохоос илүүтэй, мэдлэгт суурилсан стратеги төлөвлөлттэй, цэвэр өрсөлдөөнтэй нэр дэвшигчдийг сонгох хүсэлтэй болоод байна.

Тэгвэл сонгуулийн жинхэнэ стратеги гэж юуг хэлэх вэ?

Сонгуулийн стратеги гэдэг нь мэдрэмжиндээ тулгуурлаж биш судалгаанд тулгуурлан хийгддэг зүйл бөгөөд зөвхөн сонгуулийн сурталчилгааны 1 сарын хугацаанд бус, таныг улс төрд нэр дэвшихээр шийдсэн цагаас эхлэн хэзээ улс төрийн тавцангаас буух болсон тэр бүх үед тань хамт байдаг урт хугацааны процесс гэдгийг ойлгох нь чухал. 

Танай компани энэ хэрэгцээн дээр тулгуурлан нэр дэвшигчдэд сонгуулийн жинхэнэ стратегийг санал болгодог гэж ойлгож болох уу?

Тийм. Өмнө дурдсанчан нийгмийн захиалга буюу иргэд сонгогчид маань өөрөө судалгаа, мэдлэгт суурилсан зөв стратеги төлөвлөлт бүхий цэвэр тунгалаг өрсөлдөөнийг хүсч байна. Иймээс бид улс төрийн сонгуулийг бохир өрсөлдөөний талбараас цэвэрлэх, өнгө мөнгөний бус цэвэр стратегийн өрсөлдөөнөөр шударга явагддаг болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулж, эх орныхоо төлөө хийж бүтээх чин эрмэлзэлтэй, мэдлэг чадвартай улс төрчдийг дэмжин ажиллахаар “EXPERT POOL” буюу мэргэжилтнүүдийн цөмийг үүсгэн ажиллаж байна.

Мөн сонгуулийн үйл ажиллагааг хуулинд заасан богино хугацааны ажил гэж ойлгодог улс төрчдийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулан, сонгуулийн өмнөх кампанит ажил нь нэг сонгуулиас дараагийн сонгууль хүртэл хугацаанд тасралтгүй үргэлжлэх үйл явц болохыг ойлгуулж, хэрэгжүүлэх, улс төрийн энэхүү соёлыг нэвтрүүлэхийн төлөө л бид явах болно. Энэ мэдээж хэцүү, цаг хугацаа ч орно. Гэхдээ эхлүүлэх цаг нь болсон. Энгийнээр хэлбэл нэр дэвшигчдийн ялах замын зөв луужин болж өгөх зорилготой экспертүүдийн нэгдэл юм.

-Нэр дэвшигчид яг ийм мэргэжлийн баг, зөвлөхүүдээр бодлого стратегиа тодорхойлуулах гэхээсээ илүү сонгуулийн штабаа гэр бүл, найз нөхдөөрөө бүрдүүлчихдэг. Монголд ийм л байдаг. Санал нийлнэ биз?

Яг үнэн. Ирээдүйд сонгуулийн кампанит ажил нь итгэлтэй хүмүүсийн  дан ганц туршлага, мэдрэмж, төсөөлөл дээр тулгуурлан хийгддэг зүйл байхаа больж мэргэжлийн улс төрийн стратегийн байгууллагуудтай хамтран ажилладаг, мэдлэг суурьтай үйл явц болгохын төлөө л бид ажиллаж байна.

-Нэг нэр дэвшигч дээр цорын ганц бодлого боловсруулж байж л стратеги биелэлээ олно биз дээ?

Дэлхий дээр долоон тэрбум нүдний харц, нүүрний төрх, хурууны хээ байдаг шиг долоон тэрбум стратеги байдаг байх боломжтой. Дорж дээр хийгдсэн 2016 оны стратеги энэ удаа Цэцгээ дээр хэрэгжих боломжгүй. Яагаад гэвэл сонгогчид, цаг үе, нийгэм ч мөн өөрчлөгдсөн.

Өөрөөр хэлбэл 2016 онд 17 настай байсан хүү 2020 онд 21 нас хүрээд сонгогч болсон. Тэдний цаг үе өөр.  Мэдээллийн эрин үед хүмүүсийн боловсрол жилээс жилд, сонгуулиас сонгуулийн хооронд маш өндөр болж байна.

Түүнчлэн тойрог тойргийн үйл ажиллагаа өөр өөр. Томсгосон мажиратор чинь өөрөө нэг тойрог дээр 3-5 хүн байна. Гурван хүн явж байлаа гэхэд стратеги муу бол гурвуулаа унах ч магадлалтай. Хэдий багийн өрсөлдөөн юм шиг харагдаж байгаа боловч баг доторх өрсөлдөөн давхар явагдаж байдаг. Хүн хүссэн хүсээгүй өөрийгөө л бодно ш дээ. Баг доторх өрсөлдөөнөө хийе гэхээр гурвуулаа адилхан юм чинь яахын. Чадахгүй. Тиймээс хувь хүнд заавал стратеги хэрэгтэй.

Тойргийн онцлогоосоо шалтгаалаад, хувь хүнээсээ шалтгаалаад ахиад өөр өөр стратегитай байх ёстой. Тиймээс л цорын ганц стратегиуд гарах юм.

Намууд бол үндсэн стратегаа өөрсдөө гаргана. Түүнээс биш хувь нэр дэвшигч дээр намууд ажиллаж чадахгүй. Тэгэхээр 76 гишүүнийх нь хувь стратеги алдагддаг.  Тэгэхээр мэргэжлийн зөвлөхүүдийг авч ажиллах шаардлагатай.  Бид  мэргэжлийн зөвлөхүүдийг нэгтгэсэн байгаа. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийгээд Сонгодог ардчилалтай орнуудаас хамгийн сайн сонгодог технологийг орчуулсан ном товхимол, гарын авлага, судалгааны материалууд хийсэн байна. Энэ бүхнийг нэгтгээд бид тухайн нэр дэвшигчийн уураг тархи болж, зөвлөн ажиллах гээд байгаа юм.

Ингэж ажиллахад итгэл гэдэг асуудал мөн яригдана. Энхбаатар гэдэг хүнд итгэж болно. Тэгвэл манай багийнханд яаж итгэх юм. Нөгөө өрсөлдөгчид очоод өөрийнх нь талаар ярихгүй байх итгэл яригдана. Бид үүнийг л амалж байгаа юм. Цэвэр мэргэжлийн ёсзүй. Нэг тойргийн хоёр өрсөлдөгч дээр хэзээ ч ажиллахгүй. Хар пиар дээр ажиллахгүй. Цэвэр өрсөлдөөн дээр мэргэжлийн зөвлөгөө өгнө. Тухайн нэр дэвшигчийн үндсэн штабд нь зөвлөнө. 

-Ийм төрлийн мэргэжлийн зөвлөхүүд гадны өндөр хөгжилтэй оронд хөгжчихсөн, байр сууриа олсон байдаг. Үүнийг яаж нэр дэвшигчдэд ойлгуулах юм бэ? Сонгогчдын хувьд ийм мэргэжлийн зөвлөхтэй нэр дэвшигч нь өөрөө ямар давуу талыг бий болгоод байна вэ?

-Эхлэл нь тавигдах л ёстой. Энэ удаа 400-500 орчим нэр дэвшигч байна.  Илүү ухаалаг буюу цэвэр тунгалаг нэр дэвшигч нар л бидэнтэй нэгдэх болов уу гэж харж байгаа.  

АНУ-д тухайлбал “Стратеги 360” гээд компани байна. 120 жил улстөрийн стратеги хийсэн компани. Тэр компаниар стратеги сонгуулийн ажлаа хийлгэх нь  тухайн нэр дэвшигчийн ялах магадлалыг огцом өсгөж байдаг.

Манайд бол намаас нэр дэвшвэл 20 хувь өсдөг гэдэг шиг эднийд орвол шууд рейтинг нь өсдөг жишээний. Ийм болтлоо тус зөвлөх компанийн мэргэжлийн рэйтинг нь өссөн байгаа юм.

Иргэд  нь өөрсдөө “Стратеги 360” зөвлөгөө өгч байгаа бол  хар пиар хийхгүй, цэвэр өрсөлддөг гэдгийг мэддэг. Эдний бүтээл Барак Обамагаас эхлээд байна. Барак Обама өөрөө эл компанийн зөвлөх байж байгаад ирээдүйтэй юм байна гээд нөхрийг улстөрч болгоод явсан байх жишээтэй. Мэдээж пиар явагдана. Энэ нь эерэг, цагаан байх ёстой.

Бэлтгэсэн: Д.Ундрах

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу