“CONGRESS NATION” Б.Мөнхболд: Амжилттай явна гэдэг нь ганцаараа бүх зүйлийг чаддаг байх бус түүнийгээ бусадтай хуваалцахад оршино

0
244

JCI CONGRESS  салбар байгууллага нь 2020 оны үйл  ажиллагааны төлөвлөгөөний дагуу салбарын бизнес эрхлэгч эрхмүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, хамтын ажиллагаа, бизнесийг дэмжих зорилготойгоор “CONGRESS NATION” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд тус байгууллагын гишүүн Б.Мөнхболдтой уулзаж, түүний аж амьдралын талаар ярилцсан сонирхолтой ярилцлагыг уншигчид та бүхэндээ хүргэж байна.  

Ерөнхий мэдээлэл:

JCI Congress салбар байгууллагын албан тушаал: 2019 оны Нийгмийн хариуцлагын хорооны захирал, 2020 оны Салбар байгууллагын гишүүн

Эрхэлж буй ажил, албан тушаал: “Экотайкүүн” ХХК /Үүсгэн байгуулагч, Захирал/

Гэр бүлийн байдал: Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.    

Боловсрол:  

МУИС-ийн Газарзүй-Геологийн сургуулийг Байгаль орчны хяналт,   үнэлгээ мэргэжлээр Бакалавр,  

Рояаль академийг Төрийн удирдлагын Магистр,

БНХАУ-ын Бээжин хотын Хятад хэл, соёлын сургуулийн Хятад хэлний бэлтгэл

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд Газарзүйн ухааны Докторант

Сошиал хуудаснууд: ФБ: Бат-Эрдэнийн Мөнхболд, инстаграм : mb_boldoo, Ecotycoon LLC/Экотайкүүн ХХК

 Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

JCI Congress салбар байгууллагад орох болсон шалтгаан юу вэ?

–          Анх JCI байгууллагын талаар найзуудаасаа сонсож байсан. Тэгээд хэсэг хугацааны турш ажиглаж байгаад, энэ байгууллага нь залуусын хөгжих газар юм байна гэж бодож тус байгууллагад элссэн. Энэ байгууллага бол салбар салбарын  лидер залуусын нэгдэл.

JCI Congress салбар байгууллагын гишүүн байхын ач холбогдол нь юу вэ?

–          JCI Congress салбар байгууллага бол оюунлаг, спортлог залуусын нэгдэл. Тиймээс тэднээс суралцах зүйл маш их. Түүнчлэн үеийн залуусаас суралцаад зогсохгүй, нийгэмд өөрчлөлт бүтээх, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэх мэтчилэн маш олон давуу талтай. Тиймээс JCI Congress салбар байгууллагын гишүүн байхын ач холбогдол нь өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн идэвх оролцоотой болох.

JCI Congress салбар байгууллагын талаар элсэхээс өмнөх болон одоогийн үзэл бодол?

–          Өмнө салбар бүрийн манлайлагч залуучууд байдаг мундаг байгууллага байна даа гэж боддог байсан. 2019 онд элсэж тэр жилдээ Нийгмийн хариуцлагын хорооны захирлын албан тушаалыг хашсандаа баяртай байдаг. JCI-д орсноор аливаа олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд нь нэг дэг журамтай, стандарттай, протоколтой явагддаг болохыг хараад их сайхан санагдаж байсан. Цаашид өөрийн компанийн үйл ажиллагаа болон бусад ажил төрлийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах ёстой юм байна аа гэдэг бодолтой болсон. Тэрийгээ ч хэрэгжүүлэхийг хичээж ажиллаж байгаа.

Таны хувьд JCI Congress салбар байгууллагын үйл ажиллагаануудаас хамгийн дуртай үйл ажиллагаа юу вэ?

–     JCI Cоngress салбар байгууллагын олон сонирхолтой үйл ажиллагаа болдог. Тэдгээр үйл ажиллагаанаас  ASPAC буюу ази номхон далайн орнуудын бүсийн  чуулган маш их таалагддаг. Энэхүү чуулганд залуус өөрсдийгөө хөгжүүлэх мөн олон улсын хамтын ажиллагааны олон сонирхолтой  үйл ажиллагаа зохиогддог.

JCI Congress салбар байгууллагын гишүүн биш хүн тус байгууллагын үйл ажиллагаанд оролцох боломжтой юу?

–          Мэдээж бололгүй яахав. Ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл холбогдох хүмүүст хандан бүртгүүлээд оролцох боломжтой.

JCI байгууллагын цаашдын чиг хандлага юу вэ?

–          Миний хувьд JCI-ийг Дэлхийн олон орныг хамарсан манлайлагч залуучуудын сүлжээ гэж ойлгодог. Тэр ч утгаараа цаашид улам олон оронд хүрээгээ тэлж дэлхийн залуучуудыг урлаг, спорт, соёл, бизнесийн салбарт нөхөрлүүлсэн, одоо байгаа салбар байгууллагууд нь улам их хүчээ зузаатгасан үйл ажиллагаагаа өргөжүүлж, амжилтаа бататгасан цаг хугацаа бий болох байхаа гэж харж байгаа.

Та өөрийн эрхэлдэг ажил /бизнесээ/ танилцуулбал?

–          Сонгуульт ажлын хувьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл хотын ИТХ-ын Төлөөлөгч, Хөтөл хотын Ардчилсан намын даргын албыг хашдаг.

Хувийн бизнесийн хувьд “Экотайкүүн” ХХК-ийн Захирлаар 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай компани нь Уул уурхайн болон Байгаль орчны зөвлөх үйлчилгээ, Усны эрэл-хайгуул, цэвэр усны үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улсын болон олон улсын чанартай хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Жишээ нь: НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц гэж байгууллага байдаг. Энэхүү конвенцид нэгдэн орсон дэлхийн улс орнууд үндэсний 2 жил тутмын тайлан илтгэл боловсруулж тайлагнах үүрэг хүлээдэг. Манай орны хувьд энэхүү үүргийнхээ хүрээнд анх удаа буюу 2017 онд НҮБ-д салбар бүрээс ялгарч буй  Хүлэмжийн хийн тооллого хийж түүнд дүн шинжилгээ хийн 2030 он хүртэлх төсөөллийг гаргаж өгсөн байдаг. Энэ маш хариуцлагатай ажлыг манай компанийн хамт олон хийсэндээ туйлын их баяртай байдаг. Энэ нь 2016-2017 оны хооронд хийгдсэн маш том судалгааны ажил болсон. Монгол улсын хувьд анх удаа хийгдэж байгаа ажил байсан учир туршлага дутах зүйлүүд маш их гарч байсан хэдий ч хамт олны маань хичээл зүтгэлээр НҮБ-аас өндөр үнэлгээ авсан байдаг. Энэ ажил бол манай хамт олны нэрийн хуудас болсон ажил юм. Энэ жил мөн л Монгол улсын хувьд НҮБ-д тайлагнах ёстой хугацаа нь таарч байна.

Мөн 2018 онд Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг боловсруулж 2025 он хүртэлх Засгийн газрын зүгээс болон Нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж өгсөн бодлогын баримт бичгийг мөн л манай хамт олон боловсруулж олон удаагийн хэлэлцүүлэг, хурлуудыг амжилттай давж хүлээлгэн өгсөн байдаг. Энэхүү төлөвлөгөө боловсруулах ажлын хамгийн чухал хэсэг болох агаарын бохирдлыг бий болгож буй эх үүсвэр, суурь судалгааг маш нарийн туршилт шинжилгээний дүнд оновчтой тодорхойлсон гэж үздэг. Өмнө олон төрлийн судалгаа шинжилгээ хийгдэж байсан хэдий ч цогцоор нь хийж байгаагүй юм билээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл хотын ИТХ-ын Төлөөлөгч, Хөтөл хотын Ардчилсан намын даргын албыг хашдаг гэлээ. Нутагтаа хийсэн  ажлынхаа талаар дурдвал?

–          Миний хувьд Сэлэнгэ аймгийн унаган хүүхдийн хувьд нутагтаа ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүсэж явдаг. 2017-2018 оны хугацаанд надад бас нэгэн аз тохиож Сэлэнгэ аймгийнхаа Ургамлын аймгийн тооллого, ургамлан бүрхэвчийн зураглал хийх боломж гарсан. Түүний хүрээнд хамт олонтойгоо 2 жилийн хугацаанд 17 сум, 6 тосгоны нутгийг хамран ургамлын аймгийн тооллого хийж, дээж бэлтгэн, ургамлан бүрхэвчийн зураг боловсруулж хүлээлгэн өгсөн байдаг. Энэ нь олон төрлийн ховор болон нэн ховор ургамлуудын байршил, тархац, зураг, координатыг тэмдэглэсэн байдаг тул нууцын зэрэглэлтэй баримт бичиг болдог байгаа. Мөн Сэлэнгэ аймгийн ургамлын дээж буюу Гербар гэж ярьдаг 200 гаруй хатаамлыг хадгалуулахаар хүлээлгэж өгсөн байдаг. Гэх мэтчилэн олон ажлуудыг хийж 17 аймагт хүрч ажилласан. Одоогийн байдлаар манай компанийн судалгааны ажлуудаас Ном-3, гарын авлага-1 хэвлэгдээд байна. 

Эрхэлж буй ажлын чинь онцлог, давуу тал болон хүндрэл бэрхшээлтэй зүйл нь юу вэ?

–          Онцлог нь гэвэл хүн бүр хийгээд байх боломжгүй нарийн мэргэжлийн гэхиймуу нэг ёсондоо оюуны ажил лдаа.  Харин хүндрэл гэвэл их лдээ. Ажил гүйцэтгэх бүрдээ төрийн захиргааны байгууллагууд болон орон нутгийн иргэдийн нийтийн хурал, засаг даргын тамгийн газруудаас санал авах, хэлэлцүүлэг хийх шаардлага тулгардаг. Тэр бүр хурал нь болохгүй хойшлох гэх мэт  цаг хугацаа орсон зүйлүүд хүндрэл дагуулдаг.

Залуу хүн ямар зарчимтай байх нь чухал вэ?

–           Чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлдэг, хэлсэн амандаа хүрдэг байхад л болчихмоор санагддаг.

Ажилдаа өдрийн хэдэн цагийг зарцуулдаг вэ?

–          Одоогоор компанийнхаа ажилд өдрийн 4-5 цаг зарцуулдаг.  Дэлхий нийтийг айдаст автуулж буй Корона вирусийн улмаас сонгуульт ажлаа цахимаар явуулах тохиолдлууд гарч байна. Хувийн бизнес хийж байгаа хүмүүст амралтын өдөр гэж бараг байдаггүй юмдөө. Эхний үеүдэд өдөр бүр л уртасгасан цагаар ажилладаг байсан. Харин одоо миний ажлыг хөнгөвчлөх  хүмүүстэй болсон учир байнгын ажил дээрээ олон цагаар суух шаардлага бага болсон.

Таны хувьд МУИС-ийг Байгаль орчны хяналт, үнэлгээ  мэргэжлээр төгссөн. Яагаад энэ мэргэжлийг сонгож суралцах болсон вэ?

–          Арван жилд байхдаа Газарзүйн хичээлдээ дуртай, сонирхолтой хүүхэд байсан. Тийм учир энэ мэргэжлийг сонгоход дөхөм болсон болов уу.

Таны ойрын болон ирээдүйн зорилго юу вэ?

–           Компанийнхаа 10 жилийн ойгоос өмнө буюу  ирэх 2 жилийн хугацаанд илүү мэргэжлийн, илүү бат бөх суурьтай болгохыг зорьж байгаа. Мөн илүү олон хүний ажлын байрыг бий болгож олон хүнд нөлөө үзүүлэхийг зорьж байна.

Таны бодлоор амжилтын нууц юунд оршдог вэ?

–           Амжилт гэдэг нь ганцаараа томрох, хүчтэй байх асуудал биш бөгөөд бусадтай хуваалцах, түүгээрээ эрч хүч энерги авах гэж ойлгодог.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

–            Чөлөөт цагаараа тулааны спортоор хичээллэдэг. Хичээллээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Энэ хооронд улс бүсийн чанартай хэд хэдэн тэмцээнд оролцсон. Мөн ажил ихтэй, бухимдалтай үед клубдээ очоод бэлтгэл хийгээд багштайгаа ярилцаад гарах их сайхан байдаг.

Ном хэр их уншдаг вэ? Өөрийн уншсан сонирхолтой номноос сонирхуулбал?

–          МУИС-ийн Докторантаар суралцах хугацаанд бусад тэнхимээс сонгож суралцах боломжтой хичээлүүд байдаг. Түүний хүрээнд улс төр судлалын тэнхимээс хэд хэдэн хичээл сонгон суралцсан. Тухайн үед өөр салбарын хичээл үзэж байгаа учраас маш их ном унших шаардлага гардаг. Нобелийн шагналт, Эдийн засагч Милтон Фридманы “Хувь заяагаа сонгох нь” номыг уншиж их олон ойлголтуудыг авсан.

Энэ төслөөр дамжуулан залуустаа хандан юу гэж хэлмээр байна вэ?

–          JCI  Congress салбар байгууллагын үүд хаалга залуус та бүхэнд үргэлж нээлттэй. Спортлог, оюунлаг хамт олон та бүхнийг угтан авах болно. JCI Congress бол залуус бид бүхний хөгжлийн гарц юм. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу