“Congress Nation” Н.Батбаатар: Уран зураг бол амтат дарс юм

0
235

JCI CONGRESS  салбар байгууллага нь 2020 оны үйл  ажиллагааны төлөвлөгөөний дагуу салбарын бизнес эрхлэгч эрхмүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, хамтын ажиллагаа, бизнесийг дэмжих зорилготойгоор “CONGRESS NATION ” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд JCI CONGRESS салбар байгууллагын Дотоод үйл ажиллагаа хариуцсан захирал, чөлөөт уран бүтээлч Н.Батбаатартай уулзаж түүний ажил, амьдралын талаар ярилцсан сонирхолтой ярилцлагыг уншигчид та бүхэндээ хүргэж байна.

Ерөнхий мэдээлэл:

JCI Конгресс салбар байгууллагын албан тушаал: JCI CONGRESS салбар байгууллагын 2020 оны Дотоод үйл ажиллагаа хариуцсан захирал

Гэр бүлийн байдал: Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг

Боловсрол: Австрали улс- University of new south wales- сургууль, Соёл урлагийн менежмент “Магистар”

Одоогийн ажиллаж байгаа төсөл: Чөлөөт уран бүтээлч

Хэрэглэдэг гар утас: Iphone11

Сошиал хуудаснууд: Фэйсбүүк: Namsraijav Batbaatar

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

JCI CONGRESS-д элсэх болсон шалтгаан юу вэ?

–         Анх  найзуудаасаа JCI CONGRESS салбар байгууллагын талаар сонсож байсан. Улмаар 2019 онд тус байгууллагад гишүүнээр нэгдсэн.

JCI бол дэлхийн хэмжээний томоохон байгууллага. Дэлхийн ихэнх орны залуучууд нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгоё, манлайлъя, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцъё, магадгүй зарим нь бие биенээсээ суралцъя гэсэн зорилгуудын дор нэгддэг байгууллага юм. Энэ жилийн үйл ажиллагааны хувьд дэлхий нийтийг хамарсан COVID-19 вирусийн улмаас  бүх үйл ажиллагаа цахимаар явагдаж байна.

JCI CONGRESS салбар байгууллагад  элсэхээс өмнөх болон одоогийн таны байр суурь?

–          Хамгийн анх найзуудаасаа тус байгууллагын тухай сонсож байхад нийгэм дэх залуусын оролцоог нэмэгдүүлж буй байдал нь маш их таалагдаж, энэ байгууллагад нэгдсэн.  Одоо JCI CONGRESS салбар байгууллагын  Дотоод үйл ажиллагаа хариуцсан захирлын ажлыг гүйцэтгэж байна.

Таны хувьд JCI CONGRESS салбар байгууллагын  үйл ажиллагаануудаас хамгийн  дуртай үйл ажиллагаа юу вэ?

–          Манай байгууллагын хоёр үйл ажиллагаа маш их таалагддаг.  Түүний нэг нь ASPAC буюу ази номхон далайн орнуудын бүсийн  чуулган. Энэхүү чуулганд залуус өөрсдийгөө хөгжүүлэх мөн олон улсын хамтын ажиллагааны олон сонирхолтой  үйл ажиллагаа зохиогддог. Харин нөгөө таалагддаг үйл ажиллагаа нь “JCI  Монгол байгууллагын үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит академи”. Энэхүү сургалт нь залуус өөрсдийгөө хөгжүүлэх, нийгмээ хөгжүүлэх цаашлаад дэлхийн хөгжилд хэрхэн оролцох тухай сургалт болдог.

JCI CONGRESS салбар байгууллагын ирээдүйн зорилгыг та тодорхойлбол?

–          JCI CONGRESS салбар байгууллага 2014 онд байгуулагдсан. Одоогийн болон цаашдын чиг хандлага нь соёл урлаг, спорт, бизнес, эдийн засаг гээд бүхий л салбарын манлайлагч залуусыг нэгтгэх. Ингэж нэгдсэнээр нийгэмд тодорхой хэмжээний үүрэг ройл гүйцэтгэж, нийгэм, дэлхийд эерэг өөрчлөлтийг  бүтээх зорилготой.

Таны хувьд зураач мэргэжилтэй. Яагаад энэхүү мэргэжлийг сонгох болсон бэ?

–          Таван настай байхаасаа л зураг зурж эхэлсэн. Цас, шороон дээр, цонхны цана дээр гээд л байнгын ямар нэгэн зүйлийг зурж байдаг хүүхэд байсан. Яг энэ хобби, сонирхлоороо хичээллэж явсаар зураач мэргэжилтэй болсон. 2005 онд СУИС-ийн уран зургийн ангид элсэн орж, 2010 онд сургуулиа төгссөн. Үүнээс хойш тасралтгүй 10 жил чөлөөт уран бүтээлчээр бүтээлүүдээ туурвиж байна.

Зураг зурахынхаа хажуугаар өөр эрхэлж буй бизнес /ажил/ бий юу?

–          Өнгөрсөн арван жилийн хугацаанд хосолмол маягаар ажилласан. 2011 онд эх орон телевизэд зураачаар ажиллаж байгаад 2012 онд  хүүхэд залуучуудын манлайлалд зориулсан олон улсын төсөлд хөтөлбөрийн  зохицуулагчаар хоёр жил орчим ажилласан. Мөн 2013-2017 он хүртэл Монголын Уран Зургийн Галерейд захирлаар ажиллаж байгаад тус оноос хойш 2019 он хүртэл Австрали улсад соёл урлагийн менежментээр суралцаж ирээд, одоо уран бүтээлээ туурвисаар байна.

Таны цаашдын зорилго болон мөрөөдөл юу вэ?

–          Маш сайн уран бүтээлч болох нь нэгдүгээр зорилго. Хоёрдугаарт гэвэл Монгол улсын соёл урлагийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах явдал юм. Мөн соёл урлагийн салбарыг эдийн засгийн хувьд бэхжүүлэхэд гар бие оролцох зорилготой.                          

Чөлөөт уран бүтээлч хүний хувьд тулгардаг хүндрэл, бэрхшээл болон онцлог давуу тал нь юу вэ?

–          Монголчуудын хувьд дүрслэх урлагийн салбарын талаар нэлээд ойлголттой болчихсон. Энэ нь юугаар илэрч байна гэхээр ресторан, албан байгууллагад ороход ямар нэгэн уран зураг өлгөөтэй байдаг. Энэ бол тодорхой хэмжээний дэвшил гэж харж болох юм. Цаашдаа хийж хэрэгжүүлэх, бид бүхнээс шалтгаалах ажлууд зөндөө байгаа. Мөн чөлөөт уран бүтээлчдэд тулгардаг асуудал бол нийгмийн халамжийн асуудал. Жишээ нь гэхэд урлангийн асуудал тулгардаг.

Уран бүтээлч хүний нэг онцлог бол зөвхөн урландаа ирээд зургаа зурдаг бус аялалд явахдаа ч, амар ч байхдаа ч уран бүтээлийнхээ талаар бодож боловсруулж байдаг. Тиймээс энэ бол мөнхийн үйл ажиллагаа. Миний хувьд хөдөө явж зургаа зурах үе  байдаг. Үүнийг онцлог, давуу тал нь гэж хэлж болох юм. 

Хөдөө явж зургаа зурдаг гэлээ. Таны хувьд уран бүтээлээ ямар төрлөөр туурвидаг вэ?

–          Би аялах хоббитой. Чөлөөт цаг болон амралтаараа ихэнхдээ аялдаг. Тиймээс хөдөө очоод байгаль зурах үед үнэхээр сайхан байдаг. Гэхдээ дан ганц байгаль зурах бус урландаа суугаад хөрөг зурах эсвэл орчин үеийн чиглэлийн уран бүтээл туурвих гээд олон төрлөөр өөрийгөө сорьж үзэж байгаа.

Уран зургийн мэргэжлээр төгсөөд хэдийн арван жил өнгөрчээ. Энэ хугацаанд бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ хэдэн удаа гаргасан бэ?

–          Олон улсын болон Монгол улсдаа хамтран гаргасан үзэсгэлэн бол нэлээдгүй бий. Харин бие даасан үзэсгэлэнгийн хувьд хамгийн анх 2010 онд гаргаж байсан. Түүнээс хойш гурван үзэсгэлэн гаргаж одоогийн байдлаар нийт  дөрвөн үзэсгэлэн гаргаад байна.

Та зурж буй уран зургаараа үзэгчдэд юу харуулахыг, мэдрүүлэхийг зорьдог вэ?

–          Миний хувьд хүмүүс миний зурсан зургийг хараад ийм зүйлийг мэдрээсэй гэж бодохоос илүүтэй гоозүйн таашаал аваасай л гэж боддог.

Таны хувьд уран зураг гэж юу вэ?

–          Уран зургийг дарстай зүйрлэж болох юм. Өөрөөр хэлбэл амтат таашаал ч гэж хэлж болно. Таашаалыг хүн ямар ч зүйлээс авдаг.

Таны бодлоор залуу хүн ямар зарчимтай хэрэгтэй вэ?

–          Хэлсэн үгэндээ эзэн байх, хэлснээ биелүүлдэг байх, мөн аливаа зүйлд тууштай, гүйцэтгэлтэй  ханддаг байгаасай гэж боддог.

Congress Nation” төслөөр дамжуулан залууст хандан юу гэж хэлмээр байна вэ?

–          JCI Congress салбар байгууллага нь дээр дурдсанчлан салбар салбарын шидэг залуусын нэгдэл. Энэ нэгдэлд багтсанаар өөрийгөө нээн хөгжүүлэх, цаашлаад залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд   JCI CONGRESS салбар байгууллага  нь бид бүхний хөгжлийн гарц юм. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу