Хэрэв та дэлгүүр хэсэж, юм худалдаж авахаа хянаж чадахгүй байгаа бол, ихэнх тохиолдолд зардал хэтрүүлэх, төлөвлөөгүй зүйлээ худалдан авдаг бол шопахолик хэмээх эмгэгт өртсөн байна. Шоп (shop-дэлгүүр) Холик (holic-донтох) гэсэн хоёр англи үгний нийлбэр аж. “Шопахолик” гэдэг нь дэлгүүр хэсэх дон гэсэн үг юм. “Дон” яагаад бий болдог вэ гэвэл, хүмүүс нэг зүйлээс ямар нэг сайхан мэдрэмж авахаараа, тэр мэдрэмжээ ахин дахин мэдрэхийн тулд түүнийгээ байн байн хийсээр байгаад донтдог. “Хүн стресст орохоороо ухамсаргүйгээр түүнийгээ тайлах арга замыг хайж эхэлдэг. Ихэнхдээ эмэгтэйчүүд дэлгүүрээс хувцас худалдан авснаар өөрийгөө тайвшруулж байна гэж үздэг л дээ. Энэ үйлдэл нь дахин дахин давтагдсанаар дон болдог. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ хүнтэй хэрэлдэж муудалцхаараа, эсвэл зүгээр л ямар нэг зүйлд бухимдсан үедээ шинэ зүйл худалдан авах маягаар тэрхэн үедээ тайвширдаг боловч, дахин сэтгэл санаа нь тавгүй болох үед өөрийн мэдэлгүй дэлгүүрээр явж ‘жолоодлогогүй худалдан авалт’ хийж эхэлдэг. Ийм үеэр авсан зүйлүүдээ дараа нь хэрэглэхгүй байх нь маш их.

Судалгаанд хамрагдсан хүмүүс эхэндээ сард ойролцоогоор нэг удаад дэлгүүрээс бараа худалдан авдаг байснаа дараа нь өдөрт хэд хэдэн удаа болтлоо эрс олширдог болохоо хүлээн зөвшөөрсөн байна.Энэ нь шинэ төрлийн эмгэг биш бөгөөд аль 19-р зуунаас эхлэлтэй гэж мэргэжлийн хүмүүс баталдаг. Орчин үед мэдээллийн хэрэгслээр минут тутамд цацагдах бараа материалын хэрэгтэй хэрэггүй зар сурталчилгаа хүмүүсийн сэтгэл зүйд маш их нөлөөлж байна хэмээн ихэнхи өртөгсөд үздэг хэдий ч үнэн чанартаа гэр бүлийн хямрал, ажил дээрхи ачаалал, нийгмийн байдал гээд хүчин зүйлс тэдний энэхүү үйлдлийн шалтгаан болж байгааг эрдэмтэд хэлж байна. Мөн түүнчлэн өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаагаараа уралдах, гайхуулах сэдэлтэйгээр сүүлийн үед зөвхөн насанд хүрэгсдийн дунд ч бус өсвөр насныханы дунд өргөн дэлгэрч байгаа шинэ төрлийн сэтгэцийн эмгэг болно. Ихэнхи өвчтөнүүд эцэстээ ямар нэгэн зорилгогүйгээр дэлгүүр хэсэж ямар ч хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг болдог байна. Ингэж хийсэн худалдааны дараа тэд сэтгэл санаагаар илүү их унаж, санхүүгийн хувьд ч уналтанд ордог. Тэд ямар нэгэн зүйл худалдан авбал сэтгэл санаа нь хөнгөрч, тайвширлыг олж авдаг хэмээн санал нэгтэй баталцгаадаг ч, харамсалтай нь энэ тайвшрал удаан үргэлжилдэггүй ажээ.

ХУДАЛДАН АВАХ ДОНТОЛТЫН ҮНДСЭН ШИНЖ ТЭМДЭГ 

  • Танд сарын хэрэглээндээ хүрэлцэх мөнгө байхгүй байхад хэтэрхий их мөнгө шоппинг хийхэд зарцуулах, зардал нь орлогоосоо үргэлж давах
  • Худалдан авалт хийсний дараа санаа зовох болон гэм буруутай мэдрэмж төрөх
  • Дэлгүүр хэсэхгүй бол уур хүрж, бухимдаж эхлэх,
  • Яг таг төлөвлөсөнөө аваагүй, зардлыг хэтрүүлсэнээ мэдээд өөртөө итгэх итгэл буурах
  • Ямар нэг шинэ зүйлийг олж хараад ҮГҮЙ гэж хэлж чаддаггүй
  • Авч чадаагүй зүйл нь тэгэсгээд мартагдахгүй өдрийн бодол шөнийн зүүд болох
  • Заавал худалдан авах шаардлагатай байсан зүйлийнхээ оронд өөр юм худалдаж авах
  • Танд зүгээр л нэг хос гутал хэрэгтэй байхад 10 хосыг худалдан авах
  • Чиний мөнгө хаашаа алга болсон талаар гэр бүлийнхэн болон найзууддаа худлаа ярих
  • Өр зээл тавих
  • Хэт их худалдан авалтаас болж дотны хүнтэйгээ үргэлж муудалцах, харилцаа холбоогоо таслахад хүрэх

ЯМАР ҮЕД ХУДАЛДАН АВАХ МЭДРЭМЖ ТӨРДӨГ ВЭ?

  • Уурласан үедээ
  • Сэтгэлээр унасан үедээ
  • Ганцаардсан үедээ
  • Уйдсан үедээ
  • Ямар нэг зүйлийг тэсэн ядан хүлээж байх үедээ
  • Ямар нэг зүйлийг өөртөө зориулаагүй юм шиг санагдах үедээ
  • Зуршилын чинь талаар маргалдаж эхлэхэд
  • Зээлээр худалдаа хийж байгаа үед
  • Өмнөх худалдан авалтаас үүдэлтэй гэм буруутай мэдрэмжээ дарахын тулд

ХУДАЛДАН АВАХ ДОНТОЛТЫН СЭТГЭЛ ЗҮЙН ЭМЧИЛГЭЭ

Судалгаагаар худалдан авах эмгэг сэтгэл зүйтэй хүмүүсийн 75% нь өөрсдийгөө энэ төрлийн эмгэг хоббид өртсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч хаанаас хэрхэн тусламж авахаа мэддэггүй байна. Шопахолик хүний гэр бүлийн гишүүд, найз нөхөд, санхүүгийн нийтлэг тулгамдсан асуудалтай болсон байдаг ба хүн тус бүрийн эмчилгээ өөр өөр аргаар эмчлэгддэг. Худалдааны донтолтын эмчилгээний аргуудаас дурдвал:

 Зан үйлийн эмчилгээ \Behavioral therapy\ – эмчилгээний энэ арга нь хяналтгүй мөнгө зарцуулдаг сөрөг зан үйлийг эерэг зан үйл болгон өөрчлөх зорилготой юм.
✔ Танин мэдэхүйн эмчилгээ \Cognitive therapy \ – Эмчилгээний энэ аргыг тэдний бодол үйл явцыг өөрчилж, худалдааны талаар бодлыг зогсоож сурахад нь туслах зорилготой юм. “Клиникийн сэтгэл судлалын сэтгүүл, сэтгэл засал” \Journal of Clinical Psychology and Psychotherapy \ буланд энэ онд хэвлэгдсэн судалгаагаар энэ аргын үр дүнг харуулж байна.
✔ Санхүүгийн зөвлөгөө – Энэ нь мэдээж санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж зардлыг хэтрүүлэхгүй зогсоох, мөнгө санхүүгээ илүүл хэрэгцээтэй зүйлд зарцуулж сурагадаг
 Эмийн эмчилгээ– Заримдаа, худалдааны сэтгэл гутрал, айдас түгшүүр эсвэл өөр сэтгэцийн өвчний давхар хамааралтай байж болох ба энэ тохиолдолд давхар эмийн эмчилгээг хэрэглэх нь үр дүнтэй юм.

ХЭРЭВ ТАНЫ ОЙР ДОТНЫ ХҮН ШОПАХОЛИК БОЛ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

❤ Түүнийг энэ зуршлаалаасаа салахад нь тусалж дэмж. Хэрэв таны ойрын хүмүүс дунд худалдааны донтой хүн байгаа бол, таны түүний төлөө хийж чадах хамгийн сайн зүйл бол дэмжлэг үзүүлэх явдал юм. Тэд дэлгүүр хэсэхийг хүсэж байгаа бол, тэдэнд өөр зүйл хийхийг санал болгох эсвэл дэлгүүр явахаар бол, тэдэнтэй хамт явж, худалдан авахгүй байх шалтаг олж
❤ Санхүүгийн тусламж. Түүнд мөнгө зээлэхгүй байх. Түүний өмнөөс тооцоо хийхгүй байх. Хэрэв та санхүүгээр хангадаг хүн нь бол төсөвийг нь багасгаж болох юм. Гэхдээ шууд хасвал хүндээр тусах учраас дуртай зүйлд нь их зарцуулах боломж бүрдуулж өгөөрэй.
❤ Ярилцах. Таны найз болон эхнэр тань худалдан авах донтой болсон эсвэл тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байж болно. Тиймээс та хэлж ойлгуулж, хамтдаа шийдвэрлэх арга замыг олоорой

Худалдан авахад донтсон тохиолдолд дэлгүүрт өөрийн хүслээ хянах сайн арга замыг олж чадвал хэтрүүлэн худалдан авахаас зайлсхийж чадах юм. Ингээд хэтрүүлэх худалдан авахаас зайлсхийх хэдэн аргад суралцаж, өөрийн зан үйлийг өөрчлөхийг хүсэж, дэлгүүр хэсэхийн сөрөг нөлөөллийг бууруулахыг хүсвэл доорхи аргуудыг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Надад дэлгүүр хэсэх дон байна гэдгийг хүлээн зөвшөөрөх\ энэ хамгийн чухал нь\
2. Авах зүйлсийнхээ жагсаалтыг бичиж түүнийгээ хэдэн хоногийн дараа ахиад нэг шалгаарай, заримдаа бид тийм ч их шаардлагатай биш зүйлсийг оруулсан байдаг
3. Дэлгүүрт ороод авах зүйлсийнхээ жагсаалтад байгаа зүйлсээ л худалдан авч хэвш
4. Зээлээр худалдан авалт хийхгүй байх
5. Дэлгүүрээр үр бүтээлгүй хэсдэг байсан цагаа юунд зарцуулахаа бодож төлөвлө \ихэнхи шопахолик хүмүүс сул чөлөөтэй цагаараа дэлгүүр хэсэхэд зарцуулдаг\
6. Өөрийн ойр дотны хүн, найздаа дэлгүүр хэсэхээ багасгаж байгаагаа хэлэх, шаардлагатай бол зөвхөн тэдэнтэй л гарч байхаар тохирох, тэднээс өөрийн зуршлыг орхиход дэмжлэг авах
7. Хэрэв танд ямар нэг зүйл таалагдаж эхэлвэл яг одоо, яг таг хэрэгтэй юу гэдгийг ахин дахин өөрөөсөө асуу, 2 3 хоног авахгүйгээр азна
8. Хямдралтай худалдаа, хөнгөлөлт, агуулах чөлөөлөх худалдаа гэсэн газраас зайлсхий
9. Хэрэв ямар нэг зүйл худалдан авах бол эхлээд windowshopping буюу мөнгөгүй дэлгүүр хэсээд дараа нь товлосон зүйлээ очиж ав.
10. Бэлгийн карт болон урамшууллын картаа хэдэн сар олж харахааргүй газар далд хийх эсвал хүнд бэлэглээрэй
11. Цалингаа авсан өдөр болон их хэмжээний орлого орж ирэх үед томоохон худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе
12. Гэнэтийн худалдан авалтаас татгалз\ анхны харцаар худалдан авах нь түрийвчийг чинь хоослоод, гэр оронг чинь хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргээд зогсохгүй, “шопохолизм үүсэх үндсэн шалтгаан болдог
13. Орлогынхоо нэг хэсгийг хэтийн зорилгодоо зориулан хадгалж бай.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу