Дорнод аймагт хэн нэр дэвших вэ ?

0
659

АН шинэ хоёр залуу дэвшүүлж, МАН Х. Болорчулуун, Ц. Сэргэлэн генерал нарыг дэвшүүлэхээр болж, УИХ-ын гишүүн асан Н. Номтойбаяр бие дааж нэр дэвших нь тодорхой болоод байна.

Энэ ч утгаараа УИХ-ын 7 дугаар тойрог буюу Дорнод аймагт 2020 оны сонгуулиар нэр дэвших доорх хүмүүсийн нэр яригдаж байна.

МАН-ын хувьд нэр дэвших сонирхолтой хэд хэдэн хүн яригдаж буй боловч Х. Болорчулуун, Ц. Сэргэлэн, М. Бадамсүрэн нар нь илүү боломжтой байгаа аж.

Х. Болорчулууны хувьд аймгийн иргэдийн хуралд 3-н удаа, УИХ-д 2 удаа сонгогдсон нутгийн лидер юм. Тэрээр ЖДҮ-ийн дэмжих сангийн зээлээс өөрийн компанидаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэж шалгагдаж байна. Мөн МАН-ын дарга У. Хүрэлсүх ЖДҮ-ийн сангаас зээл авсан УИХ-ийн гишүүдийг дахин дэвшүүлэхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр Х. Болорчулуун гишүүн нэр дэвшихгүй байх магадлалтай.

Хошууч генерал Ц. Сэргэлэнгийн хувьд 2019 оны 12 дугаар сард ХХЕГ-ын даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, УИХ-д нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн. Түүний хувьд Дорнод аймгийн уугуул биш бөгөөд Хэнтий аймагт бага дунд сургуулиа төгссөн. Цэргийн ангиудаа бараадаж, тус аймгийг сонгосон байна.

Мөн Дорнод аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн аймагтаа хийсэн бүтээсэн ажилтай тул УИХ-д нэр дэвших хүсэлтэй байгаа боловч МАН-аас дэмжихгүй байгаа сурагтай.

Н. Номтойбаярын хувьд 2012, 2016 онуудад МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж байсан бөгөөд саяхан өөрийн хүсэлтээр ч юм шиг прокурорын саналаар ч юм шиг ойлгомжгүй байдлаар УИХ-ын гишүүнээс түдгэлзээд байгаа нэгэн. Мөн л МАН-аас хассан тухай шийдвэрийг тус намын хяналтын хорооноос мэдэгдсэн. Иймд бие дааж, эсвэл өөр намаас нэр дэвших нь тодорхой байна.

АН-ын зүгээс 57-н залуу нэр дэвшүүлэхээр болсон бөгөөд үүнээс АН-ын ҮБХ-ны гишүүн Дорнод аймгийн Халх гол сумын харьяат Пушаагийн АЛТАН-ОД. Тэрээр өмнө нь яаманд газрын дарга, СЗХ-ны Тамгын газрын даргаар ажиллаж байсан.

Мөн АН-ын Залуучуудын холбооны Хяналтын хороон дарга Эрхэмбаатарын ТӨМӨРБААТАР нарыг дэвшүүлэхээр бэлдэж байгаа ажээ. Э. Төмөрбаатар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул бөгөөд ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн багт ажиллаж байсан, хувиараа бизнес эрхэлдэг залуу юм.

Саяхан тэрээр  УЛААН БАЛ нэвтрүүлэгт орж Шударга бусын хонгилыг нураахад өөрийн биеээр оролцохоо хэлж байсан. Энэ мэт хүмүүс нэр дэших аж. Чухам хэнийг дэмжиж төлөөллөө болгон УИХ-д суулгах нь Дорнодчуудын сонголт мэдэх биз ээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу