Эцэг эхчүүдээс зарим зүйлийг хүүхдэдээ хэлээд ойлгохгүй юм, ямар ч арга хэрэглээд нэмэргүй байгаа хүүхдээ яах вэ? Сүүлдээ зодож, цохих гээд байх боллоо гэсэн асуулт их ирдэг. Тэгвэл доорхи аргыг хэрэгжүүлээд үзээрэй.

ШИЙТГЭЛИЙН САНДАЛ

Хүүхдүүдээ хэт загнаж, шийтгэхээс татгалзаж байгаа бол гэртээ тусгай шийтгэлийн сандалтай болох хэрэгтэй бөгөөд буруу зүйл хийсэн хүүхэд тэр сандал дээр сууж, өөрийгөө юу буруу хийснийг эргэцүүлж бодон, юу ухамсарласан болохоо гэрийнхэндээ хэлж, ингэснээр сандалнаас босох эрхээ олж авна. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрнө гэдэг маш их зориг тэвчээр шаардсан үйлдэл байдаг. Хэрэв таны хүүхэд бага насандаа буруугаа шудрагаар хүлээж сурвал өөртөө итгэлтэй, зоригтой, тууштай хүн болж төлөвшдөг.

Хэрэгжүүлэх нас: 4-12 нас

Үргэлжлэх хугацаа: 5-20 минут. Нас болон хүүхдийн онцлогоос шалтгаална. Эцэг эх өөрсдөө мэдрэх нь чухал

Анхаарах зүйл:
✔Сандалд суусан хүүхдийг бусад нь шоолох, гадуурхах, загнах зэргээр сэтгэл зүйн дарамт үүсгэхгүй байх
✔Хүүхэдтэй ярихгүй байж, хүүхдийн анхаарал сарниулах үйл явдал гэрт, өрөөнд гаргахгүй байх
✔ Эхний ээлжинд хүүхдээсээ бүрэн дүүрэн хариулт авах гэсний хэрэггүй, өөрийн бурууг ойлгож сурахад хугацаа шаардана
✔ Буруугаа ойлгож тайлбарлаж байгааг нь нухацтай сонсоод, нүд рүү нь харж байгаад яагаад болохгүй вэ гэдгийг өөрийн үгээр тайлбарлаж өгөх
✔ Буруугаа хүлээж уучлал гуйвал баярлаж байгаагаа илэрхийлж, ахиж тэгэхгүй гэдэг амлалт хүсэлгүй, хичээгээрэй гэж зоригжуулаарай
✔ Буруугаа хүлээсэнд баярлаж байгаагаа илэрхийлэн, урамшуулж магтах, үнсэж, тэврэх

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу