5G сүлжээ коронавирус тараадаг гэх цуурхалд итгэсэн хүмүүс Британийн холбооны компаниудад хохирол учруулжээ

0
47

Шинэ коронавирус нь харилцаа холбооны шинэ үеийн 5G сүлжээгээр тархдаг, идэвхждэг гэсэн цуурхал, онолд итгэсэн хүмүүс Их Британийн телеком компаниудын эд хөрөнгөд халдсан хэрэг өнгөрч буй долоо хоногт хэд хэдэн удаа гарсан байна.

Тухайлбал Бирмингэм дэх 20 метр өндөр 5G сүлжээний цамхагийг хэсэг хүмүүс галдан шатаажээ.

Баасан гарагийн шөнө Ливерпүүлд бас 5G станцын цамхагийг галдан шатаасан хэрэг гарсан байна. Британийн бусад бүс нутагт 5G сүлжээнд засвар үйлчилгээ хийж явсан инженерүүдийг хэл амаар доромжлох, айлгаж сүрдүүлэх тохиолдол гарсан тухай цагдаагийн газар мэдээлжээ.

Тухайлбал Лондон хотын гудамжинд кабель татаж байсан харилцаа холбооны компанийн ажилчид руу нэг эмэгтэй дайрч, гэр бүлийнхнийх нь үхэлд тэднийг буруутган орилж, хашхирч байсан гэв.

Фэйсбүүк компани сүүлийн өдрүүдэд коронавирусийн тахалтай 5G технологи холбоотойг харуулсан хэд хэдэн материалыг усгтаснаа мэдээлжээ.

Бямба гарагт коронавирусийн тахлын нөхцөл байдлын талаар зохион байгуулсан хэвлэлийн хуралд Британийн засгийн газрын сайд Майкл Гөүв оролцож, 5G технологитой холбоотой цуурхал нь ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдээд сошиал сүлжээнд тарсан цуурхалд зарим хүмүүс итгэж, хууль бус үйлдэл гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу