АНУ-д нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас баржээ

0
59

Өнгөрсөн Пүрэв гарагаас Баасан гарагт шилжих 24 цагийн хугацаанд АНУ даяар 1,321 хүн шинэ коронавирусийн халдвараар нас барсан нь дэлхийн хэмжээнд нэг өдрийн дотор хамгийн олон хүний амь эндсэн үзүүлэлт болжээ.

Урьд нь дэлхийн аль ч улс оронд ийм олон хүн 24 цагийн дотор нас барж байгаагүй юм. АНУ-ын тахлын хамгийн том голомт Нью Йорк мужид Бямба гарагт 630 хүн Covid-19 өвчнөөр нас барсан аж.

Дэлхийн хэмжээнд нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан өмнөх муу үзүүлэлт нь Пүрэв гарагт Испани улсад 950 хүн нас барсан тохиолдол болж байв.

Коронавирусийн анхны голомт Хятад улсад хоёрдугаар сарын 23-ны өдөр 150 хүн нас барсан нь тус улсын хувьд хамгийн олон эндэгдэлтэй өдөр байжээ.

Сүүлийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын илэрсэн тохиолдол 300,915 болж, нийт нас барсан өвчтөний тоо 8,162 хүрлээ.

Бямба гарагт Испани улс илэрсэн халдварын тоогоор Итали улсыг гүйцэж, Европ тивдээ тэргүүлэх болжээ.

Өчигдөр тус улсад шинээр 7,026 халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт тоог нь 124,736 болгосон байна. Амиа алдсан өвчтөний тоо 11,744 болсон юм.

Харьцуулбал Итали улсад илэрсэн нийт халдварын тоо 124,632, нас барсан өвчтөний тоо 15,362 болоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу