Тусгай үүргийн онгоцоор ирсэн Аса аварга тусгаарлах газрыг голж, албан хаагчдад хүндрэл учруулжээ

0
23

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15.50 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Уг онгоцоор нийт 266 зорчигч ирсэний дотор Асашёорюү аварга Д.Дагвадорж багтан иржээ. Гэвч тэрбээр ирсэн даруйдаа халдвар хамгааллын дэглэм зөрчиж, Буянт-Ухаа нисэх буудалд ажиллаж буй албан хаагч, хамгаалагчдад хүндрэл учруулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Асашёорюү тусгаарласан газрыг голж, “Би тэнд байрлах ёстой, тусгай машинаар явна” гэхчлэн хамгаалалтынханд хүндрэл учруулсан гэнэ. Улмаар машинд суулгатал машинаасаа бууж, өөр машинд суух зэрэг УОК-ынхны гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхгүй, албан хаагчдын хүнд байдалд оруулсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. 

Энэ бол онцгой буюу өндөржүүлсэн бэлэн байдлын үе. Ийм үед хэн ч бай УОК-ын гаргасан шийдвэр, дүрэм журмыг дагаж мөрдөх учиртай. Гэтэл ард түмэндээ аварга хэмээн хүндлэгддэг Асашёорюү Д.Дагвадорж халдвар хамгааллын дэглэм зөрчиж, нэлээн тавьтаргүй аашилсан нь олны дургүйг ихээхэн хүргээд авсан гэнэ. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу торгоно. Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай” хэмээн ярьсан байна лээ. 

Тэгэхээр халдвар хамгааллын дэглэм зөрчсөн Аса аваргад хуулийн хариуцлага хүлээлгэх эсэх харах үлдлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу