Иргэд нөөцийн махнаас илүү таван цул сонгох болжээ

0
183

Хавар цаг, тэр дундаа коронатай энэ цаг үед идэхэд тохиромжтой амин дэмлэг хоол хүнс бол Монголчуудын уламжлалт хоол . Малаас гарч буй мах махан бүтээгдэхүүн,  сүү цагаан идээ бол хүний биед маш олон талын ач холбогдолтой уураг амин дэм, эрдэс бодис  агуулагдсан  хүнс.

Эмч мэргэжилтнүүдийн хувьд ч онцгой нөхцөлд дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүний жагсаалтанд уламжлалт хоол хүнсийг оруулаад буй.

 Харамсалтай нь сүүлийн үед хүнс бараа ховордож нөөцийн мах дуусч байгаа гэх мэдээлэл байна. Мөн иргэдийн амьжиргаа ч муудаж таван цулын эрэлт ихэсчээ.

Энэ талаар  махны худалдаа эрхлэгч хийгээд иргэдтэй уулзаж цөөн хором ярилцлаа. Тэд таван цулын мах хүний биед ямар ашиг шимтэй талаар ярьж, энэ төрлийн борлуулалт, худалдан авалт ч ихэсч байгааг онцолж байлаа.

Үнийн хувьд  нөөцөлсөн үхрийн ястай мах кг нь 7700 төг, хонины ястай мах 6700 төг, ямааны ястай мах 6200 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.  Харин таван цулын хувьд  5- 10 мянган төгрөгний үнэтэй байдаг аж. 

Нөөцийн мах зарагдаж эхэлснээс хойш иргэд таван цул их авах болсон

 Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын автобусны буудлуудаар жижиг махны дэлгүүрүүд ихсэх болсон. Голдуу жижиглэнгийн мах, таван цул граммлан худалдах аж.

Худалдагч Б-гийн хэлж буйгаар “Ихэнхдээ ядарсан, хоногийн хоолоо залгуулж суугаа иргэд л худалдан авдаг. Гэтэл таван цул бол дархлаа дэмждэг, амин дэм агуулсан зүйл.

Би энд махны худалдаа хийгээд дөрвөн жил болж байна. Өдөртөө махаа граммлан авч иддэг айл ч байна, дан таван цул иддэг айл ч байна. Харин сүүлийн үед хүнс ховордож, нөөцийн мах худалдаалагдаж эхэлснээс хойш таван цулын мах их гүйлгээтэй байгаа. Нөхөр минь хөдөөнөөс оруулж ирж, би зардаг болохоор ойрд өдөртөө ирээд л дуусчихаад байна” гэсэн юм.

Шинэ мах л ирээд шуурч байсныг харснаас, таван цул ирээд шуурч байсныг хараагүй

Мөн  томоохон зах худалдааны төвүүдийн худалдагч нар нөөцийн мах дуусч, малын доторх гэдэс л үлдэж, удахгүй бас дуусах тийш хандаж буйг хэлж онцоллоо

“Нөөцийн мах зарагдаж эхлээд 14 хоног болов уу үгүй юу дуусч байна. Сүү цагаан идээ ч их эрэлттэй байна. Махны худалдаа хийгээд зургаадах жилрүүгээ орж байна. Шинэ мах л ирээд шуурч байсныг харснаас, таван цул ирээд шуурч байсныг хараагүй. Хүнд хэцүү энэ цаг үед тэгээд яах ч аргагүй таван цул л дархлааг хэвээр хадгална. Цаашид ч аминд тулсан нөхцөлд бус гол хоол хүнсээ болгоно идэж байгаасай гэж боддог” хэмээн хуучиллаа.

 Харин хэд хэдэн иргэдтэй уулзахад, мөнгө багатай хоосон хонохгүйн тулд таван цулыг сонгодог гэж хэлэх нэгэн байхад тэр чигтээ амин дэм шүү дээ гэж хэлэх иргэд ч цөөнгүй таарсан юм .

Энэ бүхнээс анзаарахад  Монголчууд яаж ч хүнсний хомсдолд орлоо гэхэд дээд зэргээр дархлаа дэмжих хоол хүнстэй ард түмэн гэдгийг энэ цаг үе тод харуулж байна.

Д. НАР

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу