Уурхайчид нэг өдрийн цалингаа УОК-т хандивлажээ

0
31

Өнөөдөр Улсын Онцгой комисст уурхайчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Тодруулбал “Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус ээлжийн цалин болох 100 сая төгрөг хандивласан юм. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн хамгийн туршлагатай дотоодын компаниуд юм байна.

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс 134 сая төгрөг хандивласаныг тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө. “Эрдэнэс Монгол” компанийн дэргэдэх нэгдэлд 13 охин компанийн 2050 уурхайчин ажилладаг байна.

Уурхайчин залуус “Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд талархаж буйгаа уурхайн 1300 метрийн гүнээс илэрхийлж байна. Та бүхний гаргасан шийдвэр бүхний хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байгаа алба хаагчдын цалинд бага ч болов нэмэр болоосой хэмээн уурхайн гүнээс, уурхайчдын сэтгэлээс энэхүү хандивыг өргөж байна” гэсэн байна.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт ажиллаж буй уурхайчид халуун гараа сунгаж байгаа явдалд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархалыг уламжиллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу