Байр суурь: Иргэд намуудын мөрийн хөтөлбөрт шүүмжлэлтэй байна

0
99

Шидэт дагина эсвэл бэрд ирж гурван хүслийг минь асууна тэр үед би юу гэж хэлэх вэ? гэж хүүхэд бүр бага насандаа боддог байсан байх. Тэгвэл шидэт дагина бэрд л хийж чадах бүтэшгүй зүйл амладаг сонгууль эхэлжээ.

2020.03.24-ны өдөр АН, МАН, МАХН-ууд “Үндэсний аудитын газар” мөрийн хөтөлбөрөө албан ёсоор гардуулж олныг гайхшрууллаа. Тухайлбал,  АН иргэн бүрийн дундаж цалинг гурван саяд хүргэнэ гэсэн бол МАХН таван сая  болгож давуулан амлав. Мөн иргэн бүрийг орон сууцтай болгох МАХН-ын амлалтыг МАН  бас амлачихлаа. Нөгөө л утаа, түгжрэл, ядуурал ярьдаг амлалтуудаас арай биежсэн юм шиг хэдий ч тэднийг ард түмнийг арай л ингэж тохуурхан, дорд үзнэ хэмээн хэн санах билээ.

2016 оны УИХ ээлжит сонгуулиар МАХН баталгаатай байртай болно,өндөр цахилгаан хангамжтай болно, бизнесийн шинэ боломжтой болно, үр хүүхдээ өндөр боловсролтой болгоно, гэмт хэрэггүй хот болно гэх мэт зорилтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан.

Харин АН ядуурлын төвшинг 18 хувь хүртэл бууруулах , шинээр төгсөгчид, гэртээ хүүхдээ сахиж байгаа иргэд, удаан хугацаагаар ажил хийгээгүй иргэд зэрэг зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ, аймаг бүрд хүүхэд, залуучууд гэр бүлийн хөгжлийн ордон, ахмад настанд зориулсан бүсчилсэн сэргээн засах, эмчилгээ үйлчилгээний цогцолбор, аймаг, дүүрэг бүрд Ахмадын ордон, Монгол Улсын иргэн бүрд эрүүл мэндийн даатгалын цахим үнэмлэх зэрэг зүйл мөрийн хөтөлбөрт тусгагдсан.

Тэгвэл МАН өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмнэ, дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламж барина, Монгол улсыг өрийн дарамтаас гаргана, оюутны 70 000 тэтгэлэг үргэлжилнэ, залуу гэр олон хүүхэдтэй иргэдийг орон сууцжуулна гэх мэт амлалт өгч УИХ-д олонх болж чадсан. Өнөөдөр энэ амлалтууд хэр биелэлтээ олсон байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ тэдний мөрийн хөтөлбөр бүрэн эхээрээ биш шүү. Зах зухаас нь эргэн сануулахад ийм байна. 

Ард иргэдийг хий амлалтад итгэдэг, цаасан малгай өмсдөг хэвээрээ гэж санаад байгаа юм болов уу. Цаг үе өөрчлөгдсөн. Сонгуулиас сонгуулийн хооронд эрхэм 76 хөлжиж суудаг ч, иргэд улам л боловсорч байдаг юм ш дээ. Нам бүр иргэдийн толгойны өвчин болсон орон сууцны  асуудлаар сонгууль бүрээр тоглолт хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Мөн мөнгө тараах халамжийн сэтгэлгээгээ одоо болимоор юм.

Ямартаа ч тэдний гаргасан мөрийн хөтөлбөр дээр иргэд ямар байр суурьтай байгааг ямар ч нэмэлт, хачиргүйгээр хүргэж байна.

Иргэн Э /20 настай/:

Одоо нэг айл өрхийн дундаж цалин хоёр сая л байгаа. Тэгж байхад иргэн бүрийн  цалинг гурван сая, таван сая гэж амлахаар үнэхээр бүтэхгүй зүйл шиг санагдсан. Хэзээ ч биелэхгүй амлалт өгдөг үе нь эхэлж байна даа л гэж бодсон. Гэхдээ үнэхээр тийм болгож чадлаа гэхэд дотоодын бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл их л өсөх байхдаа. МАН иргэн бүрийг ипотекийн зээлээр урьдчилгаагүй байранд оруулна гэдэг нөгөө амлалтуудаа бодвол арай л бодитой санагдаж байна. Одоо бол байр орон сууцгүй маш олон өрх байгаа шүү дээ. Гэхдээ нэлээн л хугацаа хэрэгтэй байх. Бас хэцүү л асуудал. Байранд орууллаа гэхэд цалин хэд билээ 20,30 жилдээ өр зээлтэй л амьдрах байх даа. УИХ-д нэр дэвшигчдийг оюутан залуусруугаа чиглэсэн хөрсөнд буусан хөтөлбөр боловсруулаасай гэж хүсдэг. Энэ жил сонгууль өгөх гэдэг үнэхээр инээдтэй санагдаж байна. Цагаан хуудас өгчихдөг юм уу л гэж бодож байна.

Иргэн /18 настай/

Намуудын мөрийн хөтөлбөрийг сайн мэдээгүй. Гэхдээ үнэхээр иргэдийн цалинг гурав, таван сая болгож чадвал сайхан л юм. Сонгууль өгөхгүй гэж бодож байгаа. Өмнөх амлалтуудаас биелсэн нь хаана байна. Энэ удаагын амлалтууд ч бас худал болно байх. Энгийн зүйлс мөрийн хөтөлбөртөө оруулаасай. Замаа сайжруулна гээд мөрийн хөтөлбөртэй байвал бас өөр шүү.

Иргэн Б /32 настай/

Намуудын мөрийн хөтөлбөр ямар ч бодит амьдралгүй худал санагдсан. Гэр хорооллын бохирдол гэх мэт зүйлсээс эхэлж яривал өөр. Гэр хороололд үнэхээр хэцүү байдаг. Иргэд нь өвөл муу бохир усаа гудамжинд асгачихдаг. Одоо тэр нь хайлаад хүн явахад ч хүнд байна. Коронавиусын тархалт өндөр байгаа үед ядаж иргэдээ маск, санитолоор хангаж чадахгүй байж хэдэн саяар нь амлаад байх нь утгагүй юм. Энэ жил хоёр дахь сонгуулиа өгнө. Ямар намд хэнд өгөхөө  мэдэхгүй л байна. Ямартай ч өгөх л байх даа.

Иргэн А /25 настай/

Одоо бол мөнгө өгнө гэсэн амлалтаас илүү улсынхаа хөгжилд зориулсан мөрийн хөтөлбөр хэрэгтэй байна.  Сонгууль дөхөхөөр дандаа л мөнгө ярьдаг. Тэр нь өр болоод үлддэг. Тийм болохоор  нүдэнд харагдах хөтөлбөр боловсруулж түүнийгээ хийх хэрэгтэй. Мөнгө тараагаад байвал залуус чинь бэлэнчлэх сэтгэлгээнд бүр орж дууслаа. Авдаг гэсэн сэтгэлгээнд орчихлоо. Улсын хөгжилд чиглэмээр байна. Би ШУТИС-д инженер мэргэжлээр төгссөн. Бидэнд зориулах мөнгө маш бага байдаг. Судалгаа шинжилгээ байхгүй, хэрэглэж байгаа багаж хэрэгсэл, сервер гээд хоцрогдоод удаж байгаа. Тийм болохоор боловсролруу чиглэсэн зүйл хийх хэрэгтэй.

Иргэн Б /35 настай/

Саяны мөрийн хөтөлбөрүүд үлгэрийн л санагдсан. Ер нь л аль аль намд хийж бүтээсэн зүйл байдаг юм уу? Мөрийн хөтөлбөрт ард иргэддээ ойрхон зүйлүүд баймаар байна. Гэр хорооллын гудамж талбайг гэрэлтүүлэх, камержуулах хэрэгтэй байна. Шөнө оройн цагаар энэ хавьд маш их дээрэм болдог. Тэгээд яаж ч чадахгүй.Олон орон сууц цоожтой байна. Тэр орон сууцуудыг залуу гэр бүлээ дэмжээд тодорхой хэмжээний урьдчилгаа аваад зээлээр оруулах хэрэгтэй. Мэдээж иргэд төлж л таараа. Тэгвэл бүгд орон сууцтай болж, утаа байхгүй болох байх. Цэцэрлэгийн асуудал маш хүнд байна. Хүүхдээ оруулах  гэхээр л урдаас мөнгө нэхдэг асуудал их байна. Улсын цэцэрлэг барих хэрэгтэй. Мөнгө төгрөг амлах хэрэггүй. Залуу гэр бүлээ дэмжих л хэрэгтэй байна. Ахмад настай хүмүүс чинь үнэндээ хүүхдүүдээ л дагаж амьдарч байгаа. Залуусыг дэмжиж амьдрах боломжийг нь хангаад өгвөл ахмадуудын амьдрах боломж дагаад өснө.

Иргэн Д / 40 настай/

2016 онд МАН маш хангалтгүй ажилласан. Ер нь ямар ч нам ялгаа алга. Сонгууль өгөх хэрэг байна уу? гэж бодож байна. Саяны тэр мөрийн хөтөлбөрүүд ямар ч судалгаа үндэслэлгүй, стратегигүй санагдсан. Нөгөө л нэг иргэдийг маллах гэсэн санаатай. Иргэд тэрэнд нь итгэж сонгууль өгдөг гэсэн байдлаар хандсан санагдсан.  Дэд бүтэц боловсролд хандах хэрэгтэй байна. Тулгамдсан асуудлуудаа эхэлж шийднэ гэж хэлэхгүй дээ.

Иргэн Ц /58 настай/

МАН гараад хийсэн зүйлийг сайн мэдэхгүй юм. Засгийн газар бол жаахан юм хийсэн. Гэхдээ амлалт бол биелээгүй байх. Саяны өргөн барьсан мөрийн хөтөлбөрүүд бол үлгэрийн далай л гэж хэмээр байна. Харин тэр иргэн бүрийг байртай болгох бол боломжтой санагдаж байгаа. Сард эргээд хэдэн төгрөг төлүүлдэг юм уу?  гэхдээ энэ хүмүүс ямар бодлоор ингэж ярьсанг сайн мэдэхгүй юм. Би Сүхбаатар дүүргийн иргэн. Манай дүүргээс Ц.Мөнх-Оргил гэж хүн гарсан. Нэг ч удаа хараагүй сонсоогүй. Гарсан л гэж байсан. Уг нь эргэж дүүрэгтэй хийж бүтээх хэрэгтэй юмсан.

 Иргэдийн байр суурь ийм л байна. Өнөөдөр тэд худал амлалтаас залхсан. Сонгууль өгөх итгэлгүй болж. Хэдэн саяар нь амлах биш, чин үнэнчээр хийж чадах зүйлийг хүсэж байна. Гэр хорооллыг гэрэлтэй болгох, дүүрэгтэй нэмэлт цэцэрлэгтэй болох, залуу гэр бүлээ дэмжих, оюутан залуусын хамгийн том асуудал төлбөр хөнгөлөлтийн зээл дээр л анхаарахыг хүсэж байна. Сонгууль дөхөхөөр л худал амлалт, мөнгө тараалт. Одоо иргэд арай өөр шинэ зүйл хүсээд байна. Хөрсөн дээр буусан амлалт цэвэр тунгалаг өрсөлдөөн хэрэгтэй байна.

Б.Энхмаа

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу