Эрүүл мэндийн яам попрох, амбицлах юман дээрээ л “хов зөөмөөр” юм

0
133

Дэлхий нийтээрээ коронавирустэй тэмцэж байгаа энэ үед  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөгөөн дор улс орон бүрийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам хийгээд холбогдох газрууд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Манай улсын хувьд ч  Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын газар өдөр бүр цар тахлын тархалтын талаар сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй хүргэхээс гадна үүсч буй нөхцөл байдлын талаар мэдээллэж байгааг бид бүгд мэднэ. Мэдээж энэ бол тэдний үүрэг. Муу ажиллаж байна гэж хэн ч хэлэхгүй байх. Гэсэн хэдий ч  мэдээлэл хийхдээ хэт нэг талыг барьсан, иргэдийг хооронд нь талцуулсан зэрэг асуудлууд гаргаад байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Тухайлбал, өнгөрсөн удаад тусгаарлалтанд буй иргэд халуун усанд орохыг шаардаж, халуунаа үзүүлэхгүй гэж эмч нартай сөргөлдсөн талаар мэдээллэж байсан. Гэтэл энэ нь бодит байдал дээрээ БНСУ-аас ирж тусгаарлалтанд орсон оюутнууд төлбөр авах талаар сонсоод үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардсан асуудал болж хувирсан. Тэдний энэхүү мэдээллээс болж иргэд тусгаарлалтанд буй иргэдээ шүүмжилж багагүй маргаан дэгдээгээд авсан. Энэ байдал намжаагүй байхад өчигдөр Эрүүл мэндийн яамнаас ахин ийм хариуцлагагүй мэдээлэл хийж олон нийтийг талцуулж орхив.

Тодруулбал, “тусгаарлагдсан иргэд мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Өрөө жижигхэн байна, өрөөнд дасгал хийж болохгүй байна. Хоол амтгүй байна, нохойн хоол өгөөд байна. Эмчийн өөдөөс талх шидэж байна” гэх зэргээр мэдээлсэн. Гэтэл бодит байдал дээр энэ нь жирэмсэн эмэгтэйн гаргасан үйлдэл байх жишээний. Жирэмсэн эмэгтэй мөөгтэй хоолноос татгалздаг талаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй газар нь, мэргэжлийн эмч нар нь л мэдэхгүй байв гэж.  Бас болоогүй хоорондоо хэрэлдэж зодолдож байна хэмээн ээж аавдаа хов зөөж байгаа хүүхэд шиг аашилж, олон нийт ч хүүхдээ өмөөрч байгаа аав ээж мэт аашлах.

Аливаа төрийн байгууллага, тэр дундаа олон нийтийг хамарсан өвчин тахал гарч хүн бүхний сэтгэлзүй хямарсан энэ үед хэт нэг талыг барьсан мэдээлэл хийгээд байх нь хэр зохимжтой вэ. Тэд мэдээлэл дамжуулахаас гадна иргэдийн сэтгэлзүйг давхар хянах ёстой гэдгээ умартан нийгмийн хүнд онцгой нөхцөл дээр дөрөөлөн иргэдийн сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлэх мэдээллийг цацаж байгаа нь тийм ч таатай зүйл биш.

Алс холоос эх орондоо ирээд хүнд нөхцөлд тусгаарлагдаж байгаа иргэдийн сэтгэлзүйг ч үл анзааран олон нийтэд буруутгасан мэдээлэл өгсөөр л байх уу. Тэдний мэдээллийг сонсож суугаа иргэдээс хэд нь шууд утгаар нь хүлээж авч, сөрөг үйлдлүүд гаргах вэ гэдгийг тооцоолж үзсэн болов уу.

Яг бодит байдал дээр эмч нар нь иргэдийнхээ халууныг үзэхгүй утсаар мэдээлэл авдаг. Хоолыг нь хаалганых нь гадна үлдээгээд явдаг зэргээр тусгаарлалтанд байгаа иргэдээс манай сайтад мэдээлэл ирүүлж байсан. Эсхүл тусгаарлалтын байрууд өөр өөр үйлчилгээг үзүүлээд байгаа юм уу. Баахан л мэдээлэлд төөрсөн, будилсан, маргалдсан хүмүүс нийгмийн сүлжээнд явах юм.

Энэ талаар олон нийтийн санал шүүмжлэл, сэтгэгдлээс дурдвал :

Бүх хүний толгойд тусгаарлалтанд орох юм бол дуусах нь, нийгмийн дайсан болох нь гэсэн өгөгдөл програмчлагдчихлаа

Иргэн Б: Албан  тушаалтнуудын зорилго биелж тусгаарлалтанд байгаа хүмүүс энэ ертөнцийн хамгийн муу муухай хүмүүс болж нийгэмд харагдаж чадлаа. Хар масс, хар оркууд бүгд тусгаарлагдсан хүмүүсийг үзэн ядаж хайр найргүй доромжлон зүхэж байна. Тэр хүмүүсд ямар ч эрх гэж байх ёсгүй мэт харагдуулж байна. Энэ бүхний цаана иргэд ямар ч тусгаарлалтанд орохгүй нөхцөл байдал үүсч байна.

Иргэн О : Юун вареан талх, мөөгтэй шөлөө голсон шидсэн, уйлсан болоод явчихваа. Миний  ирж чадахгүй байгаа оюутан хүүхдүүдэд лав ийм ухамсар байхгүй !!! Харамсаж байна. Улсаа төлөөлсөн элчин сайдын яамдыг жигшиж байна, бүр талхаар далимдуулж, улс төржиж сонгуулийн шүоу хийж байгаа эрх мэдэлтнүүдэд эргэлзэж байна.

Иргэн З : Японд лав хувь хүний нууцлалыг хатуу чанга барихын хажуугаар төр засгийн эрх мэдэлтэн хүн нь хурал дээр ард түмэнд нь ард түмнийг ийм байна, тийм бна гэж ярьж байхыг үзээгүй дэг! Яагаад тийм асуудал гарч байгааг дотроо ярьж зохицуулж, хариуцаж хийж байгаа хүмүүсийн л хийх ажил шүү дээ!!!

Иргэн Г:  Эрүүл мэндийн яам гэсэн индэр дээрээс ийм юм ярих хэрэг байдаг ч юмуу, үгүй ч юмуу. Улсын албан мэдэгдэлд пормат гэж алгаа… Хөл хориондл орсон хэдэн зуун хүнээс хэд нь талхаа шидэж, хэд нь хоолоо голсон юм ? Хаана ч тийм тэнэг хүмүүс байдаг шүү дээ. Эмчээр хоолоо зөөлгөлөө л гэх юм… тэрч инь та нарын асуудал шүү дээ. Яагаад эмчээр хоолоо зөөлгөсөн юм гэдэг шалтгаан байж л байгаа

Иргэн Н : Хар массыг өөгшүүлж байдаг. Мөн ч дүүрсэн эрүүл мэндийн яамтай улс аа бид. Мэдээж тусгаарлалтын өрөөнд янз бүрийн зүйлд болж байгаа. Тэглээ гээд олон нийтэд мэдээлэлж л байдаг. Эрүүл мэндийн яамны  мэдээлэл сүүлдээ хов боллоо шүү…

Энэ мэт иргэд өөрсдийн үзэл бодлыг цахим хуудсандаа бичиж байгаа нь хэт нэг талыг барьсан Эрүүл мэндийн яамны мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж байна. Аливаа нэгэн мэдээллийн үнэн зөвийг шүүж хандана гэдэг нийгэм, хүмүүс боловсорч байгаагийн л шинж… Үргэлж хэлсэн, ярьсан болгонд нь итгэдэг, үнэн зөвийг ялгахгүй хүмүүстэй гэж эндүүрэхээ одоо зогсоо!!!

Д.Нар

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу