Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар

0
73

Дөрөвдүгээр сар бол урин цагийн салхи хацар илбэн, хотын гудамж богино бошинзтой охидоор дүүрэх тансаг улирлын эхлэл сар. Удахгүй орох бороог хүлээсэн сар. Шинэ бороо тосох сар. Хааяахан оройн цагаар юу ч юм бодож алхахад зориулагдсан сар. Уншиж байсан номоо дундаас нь гэнэт орхиод, өдөржин дэмий гудамжаар тэнүүчилмээр сар… Ингээд дөрөвдүгээр сарын тухай хамгийн алдартай хоёр шүлгийг дор сийрүүлье.

Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!
Инээх дуу чинь дөрвөн зүгийн салхи хөгжөөж, илбэдэх мэт
Дөлгөөн хаврын урсгал дунд бүжсээр одно.

Чи бол дөрөвдүгээр сарын өглөөний тэнгэр дэх үүл болоод манан,
Үүрээр сэвэлзэх салхи мэт тийм зөөлөн! Өөр юу ч биш зүгээр л
Өндөрт анивчиж буй од, бас цэцгэн дээр дусалж буй бороо!

Тайвшрал болоод ариусал – чи бол,
Тансаг цэцэгсээр сүлжсэн титэм өмсөгч, чи бол
Цайлган бас хүчирхэг, чи бол цагаан шөнийн дүгрэг саран!

Хайлж буй цас мэт гэрэлтсэн шар өнгө – чи бол, хавар цагийн
Анхны нахиа мэт тунгалаг ногоон – чи бол, зүүдэнд дохилзох лянхуаг
Усны мандал мэт бүүвэйлэх зүрхэн дундах энхрийлэл!

Чи бол энд тэндгүй дэлбээлж буй цэцэгс, гүүр тойрон
Эрх дураараа жиргэж буй хараацай. Чи бол хайр, халуун,
бас найдвар, чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

Линь Хуэй-Инь
Орчуулсан: Нац. Энхбаяр


  Өө, “дөрөвдүгээр сар хамгийн харгис сар”.

Өнгөгүй, хар-цагаан, энэ сарыг

Яагаад би үзэн ядна вэ?

Үнэндээ миний үг биш, Элиотын шүлгийн мөр.

( Ярьмааргүй зүйл амьдралд өч төчнөөн л тохиолддог)

Яг ийм дөрөвдүгээр сарын нартай өглөө

Ягаан даашинзтай нь анх харсан, нөгөө ганган бүсгүй

Нөхрийнхөө машинд сууж яваад осолд орсон…

Нөхөр нь нас барсан… өөрөө бэртээ ч үгүй…

Өршөөлгүй харгис орчлонҮзэсгэлэн гоог ямагт эрхэмлэдэг… 

Үгүй дээ, миний дургүй сар

Дөрвөн сар л яав ч биш…

Г. Аюурзана

“Миний дургүй сарууд” шүлгийг хэсгээс…

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу