Махны хэтийдсэн хэрэглээ таны биед ямар хор нөлөөтэй вэ?

0
82

ДЭМБ-аас дархлаагаа сайн дэмжих нь цар тахлын халдвараас сэргийлэх үр дүнтэй арга хэмээн зөвлөж байгаа. Тэгвэл үүнийг Монголчууд зөвхөн махтай холбож ойлгож болохгүй.  Өнөөдрийн миний бичвэрт махны хэтийдсэн хэрэглээний талаар дурьдах гэж байна.

Манай улсын хувьд махны хэрэглээгээр дэлхийд эхний аравт багтдаг. Мэдээж малын махыг хүнсэндээ түлхүү хэрэглэснээр биед агуулагдах уургаа хангалттай нөхөж улмаар дархлаа сайжирдаг сайн талуудтай. Гэхдээ нөгөө талаас нь авч үзэхэд махыг хэтрүүлэн хэрэглэснээр хүний биед агуулагдах төмрийн хэмжээ илүүдэж улмаар элгийг гэмтээдэг  хор нөлөөтэй аж.  Гэтэл хүний биеийн хамгийн чухал энэхүү эрхтний өвчлөл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, жилд 1400-1600 хүн шинээр өвчилж байна. Тиймээс мах идээд л байх юм бол дархлаа сайжраад л байна гэж ойлгох нь өрөөсгөл юм.

Д.Долгормаа: Уургийг зөвхөн махнаас бус өндөг, сүүн бүтээгдэхүүнээс ч авна

Энэ талаар мэргэжлийн хүмүүс ч мөн онцолсоор байна. Тухайлбал “Гранд Мед” эмнэлгийн хоол зүйч Д.Долгормаа “Махыг хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэх нь олон өвчлөлийн эх үүсвэр болдог. Уургийг зөвхөн махнаас бус өндөг, сүүн бүтээгдэхүүнээс ч авна. Хүний биед байх ёстой уургийн хэмжээ хэтрэх юм бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, хүндрэл үүсэх тал олон бий. Тухайлбал, бөөрөнд асуудал үүснэ. Бөөр нь биед орж ирж буй уургийг шүүж байдаг. Биеийн уургийн агууламж хэтэрснээр бөөрний ачаалал нэмэгддэг мөн элэгний хатуурал, хорт хавдар ч үүсэх шалтгаан болдог” хэмээсэн юм.

Түүнчлэн ДЭМБ-аас мах, махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг гэж мэдэгдсэн. Хорт хавдар үүсгэх магадлалын нэгдүгээрт спирт, тамхи бичигдсэн бол улаан мах хоёрдугаар зэрэгт багтсаныг анхааруулжээ. Мөн  хорт хавдар судлалын олон улсын хүрээлэнгийн тооцоогоор жилд 34 мянган хүн махан бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэснээс болж хорвоог орхидог гэсэн судалгаа ч бий. Тиймээс махны хэтийдсэн хэрэглээнээс татгалзаж тунг нь тааруулж хэрэглэх хэрэгтэй гэж уриалмаар байна.

Б.Бямбасүрэн

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу