Өнөөгийн нийгмийн залуус ба хуулинд үл захирагдагсад

0
45

Монголчууд бид бие махбодийн өндөр дархлаатай хэдий ч соёлын дархлаа султай ард түмэн. Үүний тод жишээ бол олон нийтийн дунд биеэ зөв авч явж чадахгүй байгаа явдал.  “Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэдгийг үл умартагсад олширч байгааг харуулах тод зураглал сошиал орчноор нэг түгж байна.

Мэдээллийн эрин зуун хөгжсөн энэ үед чиний ёс зүйгүй үйлдэл бусдад муу үлгэр дуурайлал болоод зогсохгүй, цахим орчинд сөрөг сэтгэгдлийг дагуулна гэж “ЗАЛУУ” та огтхон ч бодсонгүй юу ?… Арай өөрсдийгөө “од” боллоо гэж хөөрөгдөөд болчимгүй үйлдлээ хаацайлаад өнгөрдөг юм биш биз.

 ХУУЛЬ : ОНЦГОЙ НӨХЦӨЛД Л ТОРГОХ ЁСТОЙ ЮУ ?

Дэлхий нийтийг түгшээгээд байгаа цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор  гудманд биеэ зүй зохисгүй авч явсан иргэнийг торгох хотын даргын захирамж гарсан.  Тэр ч утгаараа зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ. Гэтэл ийм захирамж гарсаар байтал иргэд биеэ зөв зохистой авч явж чадахгүй байна.

Хамгийн сүүлийн байдлаар, нийтийн эзэмшлийн гудамж талбай хяналт шалгалтаар 281 мянган иргэнд зөвлөмж тарааж, нус шүлсээ хаях, ил задгай бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 29 мянга 129 иргэнд анхааруулга, зөвлөмж өгч 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн нийслэлийн харьяа агентлагуудаас долоо хоногийн ээлжит мэдээллээ өгөхдөө Нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжын дагуу олон нийтийн газар нус цэрээ хаясан, ил задгай бие зассан 6898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Тодруулбал, 1100 нь нус, цэрээ хаясан зөрчил байна. Үүнээс 650 гаруй нь бие зассан зөрчил бүртгэгджээ.  

ТҮК –ИЙН АЖИЛТАН Б: ЗАРИМ ЗАЛУУС ШҮЛСЭЭ ЯГ ХАЖУУД ХАЯАД ЯВДАГ

Хөдөөний хүн гэхээр л соёлгүй, бохир гэдэг нийтлэг ойлголт одоо ч арилаагүй хэвээр. Хотын орчныг өнөөдөр хэн бохирдуулж байна гэвэл хөдөөнөөс хотруу ихээр суурьшсантай холбоотойгоор тайлбарлах хандлага ч их.  Гэсэн хэдий ч  бодит байдал дээр хот ,хөдөө гэлтгүй л  шүлсээ хаяж, ил задгай бие засч явдаг шүү дээ. Хөдөөний  гэдэг үгний цаана  нуугдсан хотын иргэд хэзээ соёлтой болох вэ ? Энэ талаар иргэд ямар байр суурьтай байгааг дор сийрүүлж байна.

МУБИС – ын оюутан Э :  Өнөөдөр бид улс орноо хөгжүүлье гэвэл амьдарч буй орчноосоо л эхлэх хэрэгтэй. Энд хэн ч буруугүй. Гагцхүү нийгэм хөгжиж буй энэ үед гэр бүлийнхээ болон өөрийн хүмүүжсэн хандлагаараа олон нийтийн газарт биеэ зүй бус авч явдаг байх гэж ойлгодог.  Энэ бол цэвэр хувь хүний хандлага.

Хан- Уул дүүргийн ТҮК –ийн ажилтан Б: Хүмүүс хотоо бохирдуулах гэж л хотод амьдардаг байх . Энэ ажлыг би 20 гаруй жил хийж байна. Хогоо хогийн саванд нь хийж байгаа залуус тун цөөхөн харагддаг. Энэ нэг юм цэвэрлэх ёстой л гэсэн шиг шууд чулуудчихдаг хүмүүс ч байдаг. Тэр ч бүү хэл шүлсээ яг хажууд хаяад явах нь энүүхэнд болж байна. Өдөр бүр хогийн савны гадна наалдсан шүлсийг арчиж суухдаа залуус хэзээ соёлтой болно тэр цагт л бидний ажил хөнгөрнө гэж боддог.

Чингэлтэй дүүргийн иргэн Л : Хотын даргын шйдвэрийг эсэргүүцэж байна гэсэн яриа гарсан. Тэр тусам нь торгоосой. Олон нийтийн газар биеэ авч явж чадахгүй байж дарга, захирал хийгээд, том машин унаад явахаасаа ичих хэрэгтэй. Зөрчлийн хуулиа илүү сайн чангатгаасай.

ЭРҮҮЛ МЭНД : ШҮЛСЭЭ ИЛ ЗАДГАЙ ХАЯСНААР ХАЛДВАРТ ВИРУС ХЭРХЭН ТАРХДАГ ВЭ ?

Амьсгалын замаар дамждаг өвчнүүд орчны бохирдлоос үүдэлтэй.  Шүлс таны амнаас гадагшилсан үедээ орчны бохирдлыг бий болгодог бол харин аман дотроо байвал эрүүл мэндэд чинь хэрэгтэй. Шүлс нь хоол боловсруулахад оролцох, шүд цоорохоос сэргийлэх, амны хөндийг цэвэрлэх, ам хатаахгүй байх  зэрэг олон сайн талтайгаас гадна залуужуулдаг  хэмээн эмч мэргэжилтнүүд зөвлөдөг байна.

Хүний 1 мл шүлсэнд 1 саяас дээш нян агуулагдаж байдаг бөгөөд шүлсээр дамждаг хамгийн том өвчин бол хеликобактерийн хавдар юм. Нөгөөтэйгүүр шүлсээ ил задгай хаях нь сүрьеэг бусдад тараах  аюултай.

Нулимах үед вирус дусал ба агаарын гэсэн хоёр янзаар тархах бөгөөд  дуслууд дахь вирус 2 метр, харин агаараар вирус нь 9 метр хүртэл тархдаг байна.

Д. Бямбасүрэн

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу