Ирээдүйд гэр бүлийн хүчирхийлэлгүй болоход өнөөдрөөс АЛХАМ хийх ёстой

0
398

 “Хүчирхийлэлд өссөн хүн хүчирхийлэгч болдог” гэдэг. Гэтэл манай улсын хувьд гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд  “шүдний өвчин” болоод удаж байна. Саяхан  13 болон 15 настай хоёр охин авга ах, өвөөдөө хоёр жилийн хугацаанд хүчирхийлүүлж байсан гэх хэрэг ил болж олныг айдаст автууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд хамгийн том золиос нь болсоор л байна. Харин Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Хайр өвтгөхгүй” аяныг өрнүүлж байгаа. Тус аяны талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын I-р хэлтэс,Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн А.Нансалмаагаас зарим зүйлийг тодруулллаа.

А.Нансалмаа: Нуугдмал байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсээр байна

  Цагдаагийн байгууллагаас “Нэг хором” “Ятгах тусам нягтал” “Архигүй орчин” “Хайр өвтгөхгүй” гэх мэт аяныг өрнүүлж байсан.Одоо өрнөж байгаа “Хайр өвтгөхгүй”  аян маань 3-р сарын 9-27 ны хугацаанд үргэлжилнэ. Аяны гол зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл түүний хор уршгийн талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, хохирогчийн хууль ёсны эрх ашиг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх юм. 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 170 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс Чингэлтэй дүүргийн I-р хэлтэст гурван гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа.  Энэ үзүүлэлт нь өмнөх онтой харьцуулбал 50 хувиар буурсан ч өнөөх л нуугдмал гэмт хэрэг үйлдэгдэх явдал гарсаар байна. Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн  гол хүчин зүйл нь архидалт л гэж боддог. Гэтэл ахуйн хүрээний архидалт бол зөвхөн нэг л хүчин зүйл. Гол шалтгаан нь төлөвшил ёс суртахуунтай холбоотой. Хохирогчдыг насны бүлгээр нь авч үзэхээр 25-29 насны эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нуугдмал байдалд шилжээд байгаа шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулдаг явдал. Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд өөрийн болон гэр бүлийн нэр төрийг хамгаалах гэж хичээдэг. Гэтэл энэ бүхний цаана хүүхэд хохирсоор байна шүү дээ.  Он гарснаас хойш улсын хэмжээнд 90 хүүхэд түр хамгаалах байранд хамрагдсан.  Энэ бол тийм ч бага тоо биш.

Тиймээс цагдаагийн байгууллагаас өсөлттэй гэмт хэргийг харж үзээд аян зохион байгуулж байгаа. “Хайр өвтгөхгүй” аян иргэдийн хамтын ажиллагаагүй бол үр дүн гарахгүй.   Тиймээс энэхүү  аянд маань иргэдийг нэгдээсэй гэж хүсч байна. Нуугдмал гэмт хэргийг илрүүлэх замаар хөрш айл нь юмуу, гудамжинд хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа тохиолдолд мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Энэ нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож буй хэрэг юм.

Аливаа аян, олон нийтийн дунд явуулж буй хэлэлцүүлэг, уриалга ямарваа нэгэн эерэг үр дүнд заавал хүрч байдаг. Тиймээс уншигч та бүхэн ч гэсэн цагдаагийн байгууллагаас өрнүүлж буй “Хайр өвтгөдөггүй” аянд нэгдээрэй.

Хананы цаана хүчирхийлэл үйлдэгдэж байна.  “Эр эмийн дунд илжиг бүү жороол” гэж чимээгүй суусаар байх уу хүн та?.

Энэхүү сэдвээ цааш нь үргэлжлүүлж Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэгийн маш сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Сэтгэл зүйч М.Алтанцэцэг: Хүчирхийлэл, архидалт дунд өссөн хүүхэд эргээд хүчирхийлэгч болдог

-Юуны өмнө урилгыг минь хүлээн авсан танд баярлалаа. Тэгэхээр “гэр бүлийн хүчирхийлэл гэж чухам юу вэ? гэх асуултаар ярилцлагаа эхлэе. Хоорондоо хэрүүл маргаантай байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд орох уу. Эсхүл заавал нэгнийхээ биед халдаж, гэмтээж байж гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдоод байна уу?

-Тухайн гэр бүлд үүсээд байгаа асуудлыг эв зүйтэй зөв аргаар, ярилцаж ойлголцож  шийдвэрлэж чадахгүй үедээ хүмүүс хүчирхийллээр шийдэж эхэлдэг. Энэ арга барилыг гэр бүлийн хүчирхийлэл гэж хэлж болно. Хүчирхийллийг биемахбодь, сэтгэл санаа, санхүү,бэлгийн хэмээн дөрөв хувааж үздэг. Гэр бүлд энэ дөрвөн хүчирхийлэл бүгд байж болно.  Тухайлбал, мөнгө санхүү, биемахбодийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг. Энэ мэтээр хоорондоо нөхцөлдөж хамт байж болно.

Хүчирхийллийг хэн үйлдэж, хэн өртөж байна вэ? гэх асуулт гарах байх. Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг гэсэн статистик судалгаа бий. Тэгэхээр ихэнх тохиолдолд эрэгтэй хүн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийллийг хаана үйлдэж байна гэж үзэхээр ядуурал, нийгмийн эмзэг бүлэг, архидалттай шууд холбоотой байдаг. Эсвэл далд нууц хэлбэр нь дээд зиндаа гэж яригддаг бүлэгт тохиолддог.  Гэр бүлийн хүчирхийллийг массаар нь бууруулъя гэж үзвэл нийгмийн дундаж давхаргыг дэмжих, хөгжүүлэх, чанартай болгож тоог нэмэгдүүлэх шаардлагатай.  Дундаж давхарга гэдэг маань өөрийн амьдралаа аваад явдаг, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэлээ зориулдаг, бусдыг ойлгодог, боловсорч хөгжсөн хүмүүсийн бүлэг байдаг. Тухайн улсад дундаж давхарга нийт хүн амын 70% хүрч байж жинхэнэ хүний төлөө хөгжил бий болдог гэж үздэг.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байгаа олон шалтгаан байгаа байх, таны бодлоор?

– Энд хоёр хүчин зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, бага насандаа хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийн харж, мэдэрч өссөн байх тнь хүчирхийлэл үйлдэх шалтгаан болдог. Яагаад гэвэл хүн болж хөгжих явцдаа том болоод хэн болох ямар хүн болох нь хүүхэд настай ихээхэн холбоотой гэж сэтгэл судлаач социологич нар үздэг. Учир нь хүний тархины хөгжил хүүхэд насанд хамгийн хурдан идэвхитэй хөгждөг эрхтэн. Эргэн тойрноосоо авч байгаа мэдээлэл, улмаар мэдэрч байгаа мэдрэмж, нүдээрээ харж, сонсож байгаа зүйлсийг тархи хуулбарлаж байдаг. Мэдээллүүдийг хуулбарлаж улмаар өөрийн гэсэн мэдээллийн баазтай болдог. Тэр бааз нь урт хугацааны ой санамж, үл ухамсарлахуй хэсэгт хадгалагддаг гэж үздэг. Том болсон хойноо бага байхад авсан мэдээллүүдээр, олж авсан туршлагаараа шийдвэр гаргадаг.  Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэлд өссөн эрэгтэй хүүхэд байлаа гэж бодоё. Тэр хүүхэд том болоод хүчирхийлэгч болох магадлал өндөр. Америкийн сэтгэл судлаачид нэгэн судалгаа хийсэн байдаг. Гурван настай хоёр хүүхдийн тархийг хэмжиж үзсэн. Нэг нь жирийн гэр бүлд өссөн хүүхэд, нөгөө нь хүчирхийлэлтэй гэр бүлийн хүүхэд. Үр дүн нь жирийн хүүхдээс хүчирхийлэлд өссөн хүүхдийн тархи хатингаршсан, жижиг байсан. Энэ юу хэлээд байна вэ? гэхээр хүчирхийлэлд өсөж байгаа хүүхэд биемахбодь, сэтгэл санааны дарамтыг шууд авч байна гэсэн үг. Энэ авч байгаа мэдээллүүд мэдрэмжүүд нь мэдээллийн бааз суурыг нь бий болгодог. Бараг зуршил маягийн зүйл болоод байгаа биз.

Хоёрдугаарт, гэр бүл төлөвлөлттэй холбоотой. Өөрөө бие хүн болж төлөвшөөгүй, амьдрал үзээд, янз бүрийн боловсрол ажил мэргэжилтэй хүнтэй харилцаж харьцаж үзээгүй, туршлага суугаагүй байхдаа юу ч төлөвлөөгүй хоёр жоохон хүүхэд суугаад хүүхэд гаргачихдаг. Гэр бүл төлөвлөлт гэдэг маань өргөн ойлголт. Олон зүйлийг багтаана. Өөрийгөө таньж мэдэх, хүнтэй хаирлцаж, хамтарч сурах, ажил мэргэжилтэй, гэр бүлээ тэжээх орлоготой болох, хүүхэд төрүүлээд өсгөх орчин бэлдэх, амьдрах гэр орон гээд маш олон асуудал байна. Энэ бүхэнд ямарч бэлтгэлгүй, алсын хараа зорилгогүй зөвхөн сэтгэл хөдлөл дээр суурилсан гэр бүлийн харилцаа хэврэг байдаг. Төлөвлөлтгүй гэр бүлээс болж маш их асуудал тулгардаг, тэрийгээ даван туулж чаддаггүй. Төлөвлөсөн гэр бүл бол тулгарах асуудалд бэлтгэлтэй байдаг гэсэн үг. Төлөвлөөгүй гэр бүлийн бас нэг асуудал нь гэр орны асуудал. Ихэнхидээ аав ээжтэйгээ хамт амьдардаг. Бие биенийгээ таньж ядаж байхад хадмууд нь оролцож эхэлдэг. Ингээд гарч ирсэн зөрчлүүдээ даван туулж чадах арга нь байхгүй учраас хүчирхийллээр шийддэг. Бие биенээ ойлгож, уучилж сураагүй, бэлтгэлгүй залуус асуудал бэрхшээлээ шйидэх аргаа олохгүй эцэст нь хүчирхийллээр шийдэх арга замыг сонгох нь бий.

-Хүчирхийлэл архидалт дунд өссөн хүүхэд үүнийг жигшиж хүчирхийлэл үйлдэхгүй байх боломжтой юу?

-Согтуу хүний ааш аяг, гэр бүлийн хүчирхийллийг үзэж харж өссөн хүүхэд том болоод хэзээ ч ийм болохгүй гэж ухамсрын төвшинд боддог.  Гэхдээ тэр хүн ухамсрын төвшинд маш сайн төлөвшиж байж давж гарна гэсэн үг.  Хувь хүний боловсрол төлөвшилт талаасаа сурч мэдэж хөгжиж, ямар нэгэн зүйлийг хүлээж авах чадвартай (open mind) хүмүүс тэр зүйлийг давж гарч чадна. Хөгжүүлэх дур сонирхол багатай, (fixed mind) байгаагаараа л амьдардаг хүмүүсийн далд ухамсар нь ялна гэсэн үг. Яагаад хувь хүний хөгжил гээд яриад байгаагийн шалтгаан нь ердөө л энэ. Хүн ээж аав амьдрах орчноо сонгохгүй, гэхдээ ирээдүйд хэн болж амьдрахаа тооцож хөгжиж сайн сайхан амьдрах боломж нь байна. Өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, сурч хөгжихөд өөрийгөө зориулж зорилготой, утга учиртай, үнэ цэнэтэй амьдрах хүсэлтэй байх хэрэгтэй.

-Ихэнх тохиолдолд эмэгтэй хүн гэр бүл, үр хүүхдээ бодож тэвчиж амьдардаг. Согтуу үедээ хүчирхийлж, эрүүл үедээ зүгээр шүү дээ гэж боддог ч юм уу?. Эсвэл цаг хугацаа өнгөрөхөөр нөхрөө өөрчлөгдөж, засрана гэж найддаг.  

-Гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл маргаан хоёрын хооронд ялгаа бий. Гэр бүлийн хүчирхийлэлд хоёр тал, хоёр талын харилцаа гэж байдаггүй. Харин хэрүүл маргааны үед хоёр тал байдаг. Бие биенээ өдөөж, харилцан сөргөөцөлдөж, маргалдаж байдаг. Байж тэвчих боломжгүй маргаанд эрэгтэй хүн эд бядаараа арга хэмжээ авдаг байгалийн араншинтай. Мэдээж хүн хохирно гэхдээ сэдэлжүүлэх хүчин зүйлтэй. Үнэндээ зарим тохиолдолд эмэгтэй хүн байж тэвчихийн аргагүй үг хэлдэг. Тэр үед эрэгтэй хүн хүчээр шийдчихдэг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол урдаас нь гар сарвайх, үг ч хэлэх эрхгүй байдаг. Гэр бүлийн харилцааны зарим зөрчлийн үед эмэгтэй хүнд байдаг нарийн ширийн ухаанаар эр хүнийг авч явах ухаан  илүү байдаг. Тэр утгаараа арга билгээр мэдэрч амьдрах боломжтой.

-Гэр бүлд ер нь юу хамгийн чухал зүйл вэ?

-Гэр бүлийн хэв маягыг хараад байхад уламжлалт болон орчин үеийн гэж ангилж болохоор харагдаад байгаа юм. Уламжлалт хэв маяг нь нөхрийн үүрэг их. Орчин үеийн залуус бол чаддаг чаддаг зүйлээрээ хамтарч амьдрах шинжтэй болж. Эхнэр нь илүү их орлого олдог байж болно шүү дээ, энэ үед хүүхдээ нөхөр нь асарч хамгаалах үүргийг хүлээх ч юм уу. Гэр бүл болж байгаа хүмүүс хэн хэнийгээ үнэхээр сайн таньж мэдэх хэрэгтэй. Хосуудад ямар нэгэн хүлээлт байдаг. Тэр бодлоо ярилцахгүй дотроо л хадгалдаг. Хадгалах биш анхнаасаа ярилцах хэрэгтэй.Ярилцаж ойлголцох нь гэр бүлийн маргаан, хүчирхийлэл үйлдэгдэхгүй гэсэн үг. Эхлээд өөрийгөө таньж мэдэж дараа нь хамт амьдрах хүнээ таньж мэдээд нууж хаалгүй бүх зүйлээ төлөвлөж ойлголцож ярилцах хамгийн чухал. Гэр бүлд чинь ер нь 50,50 хувийн харилцан эрх байна шүү дээ. Хэн нэгнийнх нь эрх их болоод ирэхээр л зөрчил үүсээд байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэх энэ аймшигтай зүйл байхгүй болох цаг ирэх болов уу?

-Гучин жилийн дараах Монгол орныг төсөөлбөл гурван настай хүүхдүүдрүү чиглэх хэрэгтэй. Ирээдүйд гэр бүлийн хүчирхийлэл байх уу гэдэг өнөөдрөөс шийдэгдэнэ. Цэцэрлэг сургуулиас нь бага насны хүүхдүүдрүү чиглэж зөв боловсрол олгож, зөв нийгмийн бодлогоо явуулахаас л ирээдүй шийдэгдэх байх. Гэр бүлийн хүчирхийлэл гээд яриад байна. Гэхдээ улс төр нийгмийн хүчирхийллийг орхигдуулдаг. Улс төр нийгэм нь ард иргэдээ хайхрахгүй, гэр бүлийн боловсрол олгохгүй, хувь хүний хөгжлийн боловсрол олгохгүй, нийгмийн сул дорой дундаж давхаргыг хөгжүүлэхгүй байх, хээл хахууль гээд бусармаг үйлдлүүд газар авч байна. Үүнийг  улс төр, нийгмийн хүчирхийлэл гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдэд  улс төр,  нийгмээс ирж буй хүчирхийлэл гэсэн үг. Үүнийг ч мөн хамтад нь бодолцож, шийдвэрлэж явахгүй бол дан ганц гэр бүлийн хүчирхийлэл гэж яриад нэмэргүй.

Бэлтгэсэн: Б.Энхмаа 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу