ДЭМБ : АНУ тахлын дараагийн голомт болох магадлал өндөр

0
10

Коронавирусийн тахлын дараагийн төвөөр АНУ тодрох магадлал өндөр байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анхааруулжээ.

Сүүлийн өдрүүдэд вирусийн тархалт АНУ-д эрчимтэй нэмэгдсэн нь ингэж дүгнэхэд хүргэж байгааг ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис өчигдөр Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 85 хувь нь Европ болон АНУ-д бүртгэгдсэн бол үүний 40 хувь нь АНУ-д бүртгэгджээ.

Даваа гарагийн байдлаар Нэгдсэн Улсад коронавирусийн халдварын 42,000 тохиолдол бүртгэгдэж, 559 өвчтөн нас барсан байна. Илэрсэн нийт халдварын тоогоор энэ улс өнөөдөр зөвхөн Хятад, Италийн дараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм.

Сэтгүүлчид Америкийг тахлын дараагийн төв болох магадлалтай эсэхийг асуухад Маргарет Харрис “АНУ-д вирусийн тархалт маш өндөр хурдтай байгааг бид өнөөдөр харж байгаа. Тиймээс магадлал өндөр байна” гэж хариулжээ.

АНУ-ын зарим мужууд тахалтай тэмцэхэд өөрийнх нь дотоод нөөц боломж шавхагдаж, холбооны засаг захиргаанаас дэмжлэг дутагдаж буйг шүүмжилж байгаа.

Ерөнхийлөгч Дональд Трамп ч үүнийг хүлээн зөвшөөрөөд байна. Тэр саяхан “Дэлхий даяар амны хаалт, уушиг орлуулагчийн эрэлт маш өндөр болжээ. Бид мужуудыг эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангахыг хичээн ажиллаж байгаа ч нөхцөл байдал хүнд байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу