Гадаадын шилдэг их, дээд сургуулиудад тэтгэлгээр болон хувийн зардлаараа сурах монгол залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Монгол оюутнуудыг дэлхийн хаана ч очсон оюуны чадамж, сурлагын амжилтаараа дээгүүрт жагсдаг гэлцдэг. Хамгийн гол нь залуучууд аль улсад, хэрхэн суралцаж, ямар мэдлэг, үнэт зүйл олж авах вэ гэдгээ зөв тодорхойлж, сонголтоо хийх нь чухал. Ингэснээр сонголт, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, санаа зовох зүйлгүй амжилттай суралцаж чадна шүү дээ. Бид боловсролыг эрхэмлэгч залуустаа зориулж, энэ удаад Монголчуудын хамгийн ихээр зорьдог Азийн 10 улсын Оюутны холбооны тэргүүн болон манлайлагч оюутнуудтай ярилцан, тэдний зөвлөгөөг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

БНСУ-ЫН ИХВА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ Б. УРАНГОО 

Сайн байна уу Намайг Б.Урангоо гэдэг. Одоогоор БНСУ-ын Ихва эмэгтэйчүүдийн дээд сургуульд магистрантаар суралцаж байна. Мөн сурахын хажуугаар БНСУ-ын Парламентын гишүүн Ким Ёнжугийн дадлагажигч туслахаар ажилладаг.

БНСУ-ыг сонгох шалтгаан

Миний хувьд бага байхдаа солонгос хэлийг сурч эхлэсэн болохоор энд суралцах хүсэл эрмэлзэл өндөр байсан. Хөгжлөөрөө манайхаас дээгүүр явж буй улс оронд очиж суралцах ёстой гэдэг үүднээс энэ улсын сонгосон. Магадгүй суралцахад хамгийн боломжтой гэж хэлж болно.

БНСУ-ыг зорихын өмнө юуг анхаарах ёстой вэ…

Хамгийн түрүүнд Солонгос хэлээ тодорхой хэмжээнд сураад ирвэл энд ирээд дахин хэлний бэлтгэлд сурч цаг алдах шаардлагагүй болдог. Мөн тухайн орны соёл ёс заншлыг сайтар судлах хэрэгтэй.

Сургалтын онцлог, боловсролын чанар

Монголчуудын хамгийн их зорчиж хамгийн их ирж суралцах болсон орон яах аргагүй Солонгос улс болж байна. Боловсролын чанар гэвэл, суралцаж байгаа оюутны идэвхи санаачлагчаас ихээхэн хамаардаг. Сургалтын орчин сайтай сурах арга барилыг заагаад өгчихдөг. Үлдсэн хичээл, чармайлт гаргаж, амжилттай суралцаж чадах эсэх нь хувь хүнээс шалтгаална. 

ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Г.БИЛГҮҮН

Намайг Г.Билгүүн гэдэг. ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан, Технологийн Их сургуулийг 2013-2017 онд суралцан металлургийн инженер мэргэжлээр төгссөн. Суралцаж байх хугацаандаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан. Ялангуяа Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх  “Ле Мон” клубийг үүсгэн байгуулагчдын дэмжлэгтэйгээр маш шаргуу ажиллаж, хамтдаа олон шин зүйлийг эрэлхийлж байлаа. Мөн миний бие 2015-2016 онд Москва дахь Монголын Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байгаад 2016-2017 онд удирдах зөвлөлийн гишүүн болсон. Товчхондоо ийм байна.

ОХУ-ыг сонгох шалтгаан   

Дэлхий дээр ОХУ-аас өөр боловсролын бичиг баримт хүлээн зөвшөөрөлцөх талаар олон улсын маш олон тооны гэрээ байгуулсан улс орон байхгүй. Оросын байгалийн шинжлэл, инженерийн боловсрол нь дэлхийн шилдэгт тооцогддог. Орос улс математик, хими, геологи, эмч болон бусад олон салбарт мэргэжилтэн бэлтгэхдээ дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг.Оросын их дээд сургуулиудаас дэлхийн тэргүүлэх их сургуулиудтай тогтоосон байнгын хамтын ажиллагаа, Оросын их сургуулиудыг байгалийн шинжлэл, инженерийн мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ гадаад орнуудад их байдаг зэрэг нь үүний баталгаа болно. Мөн энд сургууль төгсөгчид нь мэргэжлийн өргөн мэдлэг, гүнзгий суурь боловсролын бэлтгэл нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар сайтай.Оросын дээд сургууль төгсөгчдийн дотор ерөнхийлөгч, парламентын тэргүүн, сайд, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, нэрт эрдэмтнүүд дэлхийн бараг бүх оронд бий. Яагаад жил бүр 100 мянгаас доошгүй гадаадын оюутан Орос улсыг сонгон сурч, 50-60 мянга орчим оюутан гадаадад байгаа оросын их дээд сургуулиудын салбарт суралцаж байгааг энэ хэдхэн үгээр тайлбарлаж болно. Оросын шинжлэх ухаан, боловсролын систем дэлхийд маш өндрөөр үнэлэгдсээр ирсэн. Мөн ОХУ манай орны мөнхийн хөрш. Бид тэднээс суралцаж, тэдний хэлийг сурах зайлшгүй шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Орос улс дэлхийн хүчирхэг орнуудын нэг, тэргүүлэгчдийн эгнээнд багтсаар ирсэн. Тиймээс бид хоёр хөршөөсөө маш их зүйлийг суралцаж, тэдний хөгжлийн тулгуурыг судлан алдаа оноотой зүйлсийг нь давтахгүй л байх хэрэгтэй.

Амьдрах өртөг   

Амьдрах өртгийн тухайд гэвэл, оюутнуудад маш боломжийн гэж хэлмээр байна. Орос улс 1100 гаруй хоттой маш том улс. Хот бүрийн өртөг харицлан адилгүй. Москва хот хамгийн өртөг өндөртэйд ордог. Жимс ногоо, хүнсний үнэ Монголтой харьцуулбал, зарим нь хямд, зарим нь адилхан. Москва хот дахь оюутны дотуур байрны бакалаврын оюутны сарын хураамж 800-1500 рубль, оюутнууд ихэвчлэн метрогоор зорчино. Москвад оюутнуудад зориулсан үндэсний картыг сарын 385 рублиэр хэрэглэнэ. Мөн сар бүр метронд 385 рубль төлөөд хязгааргүй зорчино. Гадаад оюутан эрүүл мэндийн даатгал жил бүр хийлгэдэг. Сургууль бүрийн даатгалын үнэ харилцан адилгүй байдаг.  Дунджаар нэг жилийн даатгал 6000 рубль байдаг.  

ОХУ-ыг зорихыг хүсэгчид юуг анхаарах ёстой вэ?

Хамгийн түрүүнд оюутан залуус маань хүний нутагт очиж буйгаа маш сайн ухамсарлах хэрэгтэй. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ. Нэн түрүүнд ОХУ-д суралцахаар ирж буй оюутнууд хилийн дээс алхсанаас хойшхи ажлын тав хоногийн дотор өөрийн сурах сургуульдаа бүртгэл хийлгэх шаардлагатай байдаг. Уг бүртгэлийг заавал хийлгэх ёстой гэдгээ мэдэхгүй явж байгаад, паспорт дээрээ хар даруулах харамсалтай тохиолдол гардаг. Энэ мэт энгийн мэдээлэл хомс байдлаас үүдэх үр дагавар ямар байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ тал дээр ОХУ дахь холбоодууд хамтран, хэлний бэлтгэл,нэгдүгээр курст суралцахаар явж буй оюутан залууст урьдчилан мэдээлэл өгөх зорилгоор 2016 оноос нээлттэй өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, мэдээлэл авах хэрэгтэй. 

БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ Н.БАТЧИМЭГ

Сайн байна уу. Би БНХАУ, Бээжингийн Багшийн сургуулийн Кино, телевизийн найруулагчийн ангийн магистрантаар суралцаж байна. Монголд “TM” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байгаад гурван жилийн өмнө Бээжинд ирсэн.

Хятадыг сонгох шалтгаан

Хятад хэл дэлхий нийтийн хэл болж байна. Хятадын сургуулиуд боловсролоороо дэлхийд тэргүүлж буй. Хөгжил дэвшил нь ямар түвшинд явж байгааг ярих нь бүр илүүц биз ээ. Ер нь л Хятад улсыг үзэх, хэлийг нь сурах шаардлага зайлшгүй болчихоод байна л даа. Ялангуяа Монголчуудын хувьд хаашаа ч зугтах аргагүй мөнхийн хөрш шүү дээ. Түүхэнд ч, одоо ч манай улсын бүхий л салбарт хамгийн том байр суурийг эзэлсээр байгаа гадны орон гэдгийг үгүйсгэх боломжгүй. Бид энэ хөршөө маш сайн таньж мэдэх, суралцах хэрэгтэй гэж боддог. Тэр ч  утгаараа энэ улсад боловсрол эзэмшихийг илүүд үзсэн.

Сургалтын онцлог, боловсролын чанар

Монголын сургалтын арга барилаас ялгаатай нь багш нар шаардаад, гуйгаад байхгүй. Даалгавар өгөөд, чиглүүлээд л явна. Тиймээс өөрийн гэсэн сурах тогтсон арга барилтай болох, өөрөө өөртөө эзэн нь байж, хатуу шаардлага тавьж байх ёстой болдог.

Амьдрах өртөг

Бээжин, Шанхай гэх мэт том хотуудын амьдралын өртөг харьцангуй өндөр. Жишээлбэл, нэг таваг хоол хамгийн багадаа 20 юань буюу 7000 орчим төгрөгтэй тэнцэнэ. Харин жижиг хотуудынх харьцангуй хямд байдаг. Мэдээж, хэмнэх өчнөөн боломж бий, тухайн хүнээсээ л шалтгаална.

Хятадад ирэхийн өмнө юуг анхаарах вэ…

Зэрэглэл өндөртэй сургуулийн сургалт бол дэлхийд өрсөлдөхүйц гэгддэг. Эсрэгээрээ зэрэглэл муу сургуулийнх тийм ч сайн биш байх нь элбэг. Тэгэхээр сургуулиа сайн судлах шаардлагатай болж байгаа юмХамгийн чухал нь Хятад улсыг зорихын өмнө хэлээ сайн сурах хэрэгтэй. Хятад хэл маш хэцүү. Хэлний бэлтгэлтэй хөтөлбөр байлаа ч нэг, хоёр жилийн дотор мэргэжлээ судлах хэмжээнд хүрнэ гэдэг маш их хичээл зүтгэл шаардана.

ТАЙЛАНДЫН МАХИДОЛ ИХ СУРГУУЛЬ Б.БАЯРБААТАР

Намайг Б. Баярбаатар гэдэг. Би Махидол их сургуулийн Дүрс оношлогооны их эмчийн нарийн мэргэжил олгох хөтөлбөрт резидент эмчээр суралцаад 1.5 жил болж байна. 2019 оны долдугаар сард сургуулиа төгсөнө.

Тайландыг сонгох шалтгаан

Тайланд улсын хувьд анагаах ухааны салбар, анагаахын шинжлэх ухааны сургалтаараа дэлхийд тэргүүлдэг. Тиймээс би Тайландыг сонгосон. Тайландын анагаахын оюутан жилдээ долоо хоног л амардаг. Миний хувьд резидент эмчээр суралцаж байгаа учраас 10 хоног амардаг. Маш завгүй шаргуу хичээллэх шаардлагатай. Өвөл, зуны амралтаар бусад орны оюутнууд амарч байхад бид сурч л байдаг. Манай сургуульд надаас гадна нэг монгол оюутан нүдний резидент эмчээр суралцдаг. Биднийг мэргэжлийн чиглэлээр нь дадлага маш сайн хийлгэдэг нь сургуулиа төгсөөд амжилттай ажиллах суурийг тавьж өгдөг юм. Монголд их дээд сургуулийн орчинд ахлах дамжааны оюутан гэдгийг илүү давуу эрх эдлэх, хүндэтгүүлэх, бусдаар хүссэнээ хийлгэх гэдгээр ойлгох хандлагатай бол Тайландын их дээд сургуулийн дээд курсийн оюутнууд нь энэ нь доод курсийн оюутнууддаа өөрийн мэддэг зүйлээ зааж өгөх, тэднийг чиглүүлэх, дэмжих гэдэг ойлголттой дүйдэг. Заана гэдэг нь өөрийнхөө хажууд суулгаад хэдэн цаг суулгахдаа гол нь биш. Өөрийнхөө хамгийн сайн мэдэж буй зүйлээ 5, 10 минутын дотор л хэлээд өгчихдөг. Би энэ жилээс хоёрдугаар курсийн резидент эмч (хөтөлбөрийн хугацаа 3 жил) тул нэгдүгээр курсийн резидент эмч нарыг дадлагажуулах, сургах үүрэгтэй болсон. Хүнд юм зааж өгөх нь өөрийн мэдлэгээ улам бэхжүүлэх ч давуу талтай мөн өөрөө давхар суралцдаг.

Сургалтын онцлог, боловсролын чанар

Тайландууд Америк, Европын сургалтын хөтөлбөр, Азийн сургалтын хөтөлбөрийн дундаас Тайландын гэх онцлогтой өөрийн шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулсан улс. Тэр ч утгаараа маш сайн сургалттай. Сургалтын хөтөлбөр нь англи болон тай хэлээр явагддаг. Манай эмнэлэгийн хувьд өдөрт 10000 орчим үйлчлүүлэгчтэй тул өвчний тохиолдол олон. Тиймээс бид насан туршдаа ч дахин харах боломжгүй байж болох маш ховор өвчний тохиолдлуудтай танилцаж суралцдаг.

Амьдрах өртөг

Амьдралын өртөг, зардлын хувьд Монголтой ижилхэн. Миний хувьд сургуулийнхаа хөтөлбөрт өөрөө апплайя хийгээд тэнцэж, Махидол их сургуулиасаа тэтгэлэг авсан. Тэтгэлэгт сургалтын төлбөр, дотуур байр, ном сурах бичиг багтдаг. Анхааруулж хэлээд байх зүйл бол алга. Гол нь сургуулиа сайтар судлаад мэргэжлийн чиглэлээ сонгосон байхад алзахгүй. Маш тайван улс. Дээр нь сургалтын чанар маш сайн.

ЭНЭТХЭГ УЛСЫН МАХАТМА ГАНДИ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ Б.ХУНДЫЗ

Сайн байна уу. Намайг Багадад овогтой Хундыз гэдэг Энэтхэг улсын Дэли хотын Махатма Ганди их сургуулийн Бизнес, маркетингийн удирдлагаар магистрын зэрэгтэй төгссөн шинэ төгсөгч байна.

Энэтхэгийг сонгох шалтгаан

Яагаад заавал Энэтхэг улс вэ гэж үү. Энэтхэг улсад би хамгийн анх зургаан сарын хэлний курсээр  ирсэн. Тэгээд дахин зургаан сараар хугацаагаа сунгаж, магистерт суралцахаар шийдэж байлаа. Учир нь, Энэтхэгт амьдрах өртөг тун боломжийн. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нь дундаж айлын ямар ч хүүхэд суралцахад төлж чадахуйц байдаг.  Та үнэхээр хичээж чадвал, хямд зардлаар англи хэлийг бүрэн эзэмших боломжтой. Энэтхэг улсын ард түмэн тайван мөн их тусархаг хүмүүс байдаг. Энэ бүхэн надад маш их таалагдсан.

Сургалтын онцлог, боловсролын чанар

Энэтхэгийн боловсролын хувьд үнэхээр чанга. Яг л таны сурж мэдсэнийг бодитоор үнэлдэг. Шалгалтад оюутан зөвхөн харандаа баллуур цаасны хамт авч ордог. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл тооны машин авч орно.

Хуулна гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ сургалтын хувьд Монголтой төстэй зүйл их бий. Семестр семестрээр хичээл сонгон ордог. Өдөрт багадаа гурав. Ихдээ тав. Үргэлжлэх хугацаа нэг цаг байдаг. Зун бол тав, зургаан сард амарна.

Энэтхэгийг зорихоор шийдсэн хүмүүст юу гэж зөвлөх вэ

Энэтхэг улсыг зорин ирэх гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, сонгосон улсдаа дурлах хэрэгтэй. Харийн нутаг мэдээж амархан биш. Гэхдээ Энэтхэгийг сонгосноор хаана ч байхгүй боломжийн үнээр та англи хэл мөн бакалавр, мастерын чиглэлээр суралцах бүрэн боломжтой.

Гол анхаарах зүйл гэвэл, Энэтхэг улс маш олон шашны урсгалтай. Гэсэн ч тэд маш тайван хүмүүс. Үхрийг бурхан гэж үздэг. Тэд бүх бурхдыг үхрийн дотор оршдог гэж үздэг. Олон шашны урсгалтай улс учраас энд ил задгай хувцас өмсөж болохгүй. Ихэвчлэн цагаан хоолтон хүмүүс байдаг. Амьдрах өртгийн хувьд дундаж. Байр, хоол хүнсний хувьд ч мөн боломжийн үнэтэй байдаг. Мөн Энэтхэг улс халуун орны бүсчлэлтэй хүйтэндээ +17 халуундаа +46-аас +52 хүрдэг. Энэ нь хаана байгаагаас шалтгаална. Өвөл, хавар, намар, зун, борооны улирал гэсэн таван улиралтай.

МАЛАЙЗ УЛСЫН “SG”АКАДЕМИЙН МАГИСТРАНТ М. ГАНТОГТОХ

Намайг М.Гантогтох гэдэг. ШУТИС-д механик инженерээр суралцаж байсан. Одоо Малайзын “SG”академид магистрт суралцаж байна. 

Малайзыг сонгох шалтгаан

Миний хувьд найзаасаа болон түүний ааваас сургуулийнхаа талаар мэдээлэл аваад энд ирсэн. Манай сургуулийн хувьд Лондон, Австрали дахь салбар руугаа шилжин суралцах боломжтой байдаг. Мөн Малайз дахь “Самсунг” компанийн үйлдвэрт мэргэжлээрээ дадлага хийх боломжтой сургууль. Төлбөр нь Монголын их, дээд сургуулийн төлбөртэй ижилхэн байдаг. Хоёр жилийн нийт төлбөр нь 9 сая төгрөг болдог.

Малайз улс монголчуудын хувьд аюултай, ялангуяа хар тамхи, хүний наймаа гэсэн ойлголт давалгайлсан байдаг. Миний мэдэх Малайз тийм ч аюултай хот биш. Амар тайван санагддаг. Хамгийн гол нь хичээлээ хийгээд мөрөөрөө сураад явж байгаа хүн бол ямар нэг эрсдэлд орохгүй. Энд хүмүүсийн төсөөлсөн шиг халдлага, гэмт хэрэг байнга гараад байдаггүй.

Сургалтын онцлог, боловсролын чанар

Дэлхийд боловсролын чанараараа Малайзын Куала Лампур хот эхний 20-т багтдаг. Малайзын боловсролын чанарын талаар ерөнхийд нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ манай сургуулийн тухайд 20 хувийн онол, 80 хувийн практикт суурилж, хичээлээ ордог. Шалгалтыг улсын комиссын нэг төлөөлөгч, сургуулиас нь нэг хүн дадлага, тест хослуулж авдаг. Хэрэв шалгалтанд унавал дахиж улиран суралцаж, төгсдөг. Шалгалтыг хатуу авдаг журамтай. Сургалт сайтай гэж бодож байна. Ер нь Малайзад суралцахад олон хэл сурах боломжтой.Малайз улс бол олон үндэстнээс бүрдсэн улс учраас Арабуудын англи хэл, Энэтхэгчүүдийн англи хэл өөр байдаг. Бүгдийг нь ойлгох чадвартай болдог. Энд суралцахаас гадна аялж зугаалахад тун тохиромжтой.

Амьдрах өртөг

Хоол их хямдхан. Ихэвчлэн 3600-5000 төгрөгийн үнэтэй байдаг. Монголчуудад тохирох хоол олон бий. Дээд талын хоол нь л 8000 төгрөг. Оюутнууд ихэвчлэн гадуур хооллодог. Малайзын дотуур байранд амьдрах болон гадуур байр түрээслэхэд монгол төгрөгөөр тооцоход сарын 360 мянган төгрөг орчим байдаг. Гурвуулаа нийлбэл 1.5 сая төгрөгт багтана.

Малайзад очихын өмнө юуг анхаарах ёстой вэ…

Малайзад ирж суралцах сонирхолтой хүмүүс сургуулиа хамгийн түрүүнд судлах хэрэгтэй. Тухайлбал, ямар байршилд байдаг, аюултай юу, үгүй юу гэдгийг нь сайтар судлахын зэрэгцээ цагийн ажил хийж болох эсэхийг нь  судлахад гэмгүй. Гурван жилийн өмнө малайзад 600 орчим оюутан байсан. Энд ЭСЯ оюутны холбоо гэх зүйл байхгүй. Монголчууд хоорондоо харилцаа холбоо багатай байдаг. Гэмт хэрэгт орооцолдсон тохиолдлууд нэлээд бий. Эмэгтэйчүүд л их хэрэг төвөгт орооцолдчих гээд байдаг талтай. Биеэ үнэлэлт ч юм уу.Бас хар тамхины гэмт хэрэгт холбогдох нь их. Ийм эрсдлээс аль болох хол байх хэрэгтэй. Хэн нэгэн дарамталж хэрэгт уруу татдаггүй. Биеэ зөв авч яваа хүмүүс суралцахад тун тохиромжтой гэдгийг онцолмоор байна. 

ТАЙВАНЬ УЛСЫН “DA YEH” ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ Г. МӨНХ-ЭРДЭНЭ

Намайг Г.Мөнх-Эрдэнэ гэдэг. Би Тайванийн “Da Yeh” их сургуулийн магистрт суралцаж байна. Энэ хавар төгсөнө. Тайваньд суралцаад долоон жил болж байна. Тайван дахь Монголын оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байгаад энэ жил журмынхаа дагуу ажлаа өгсөн байгаа.

Тайванийг сонгох шалтгаан

Тайвань улс бол маш аюулгүй, тайван орон. Түүнээс гадна ихэнх ихэнх хичээл нь англи хэл дээр явагддаг учраас хятад, англи хэлийг хамтад нь эзэмших боломжтой. Мөн Тайвань маш үзэсгэлэнтэй зөөлөн, дулаан чийглэг уур амьсгалтай улс. Тиймээс аялахад маш тохиромжтой. Дотоодын аялал жуулчлалыг маш сайн хөгжүүлсэн бөгөөд жилдээ 10 сая гаруй жуулчид Тайванийг зорин ирдэг гэдэг. Түүнчлэн Тайваниас Азийн болон өөр тив улс руу аялахад их тохиромжтой байдаг.  Хүмүүс нь маш их хөдөлмөрч, үнэнч тусархаг. Хулгай болон гэмт хэргийн гаралт бага. Сургуулийн орчинд хэн нэгэн ямар нэг зүйлээ мартаж, хаясан байлаа гэж бодоход тэрийг нь хэн ч авахгүй, харин сургуулийн гадаад оюутны захиргаанд хүргээд өгчихсөн байдаг. Үүний зэрэгцээ сургуулийн кампус хамгийн аюулгүй. Гаднаас харъяалалгүй хүмүүс тэр бүр нэвтрэх боломжгүй. Дэг журамтай, хяналт өндөртэй байдаг.

Сургалтын онцлог, боловсролын чанар

Тайванийн их, дээд сургуулиад оюутнуудынхаа сурах орчныг сайтар бүрдүүлж өгсөн байдаг. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, оюутнуудаа хөгжүүлэх чөлөөт үйл ажиллагаанууд тогтмол зохион байгуулдаг. Улсын, хувийн гэлтгүй их, дээд сургуулиуд нь цогцолбор буюу кампустай байдаг.

Мөн их дээд сургуульд магистраас дээш зэрэгтэй ихэнх нь доктор, профессор багш нар хичээл заадаг. Тэдний хувьд гадаадад эрдмийн зэргээ хамгаалсан байдаг. Англи хэлээр хичээлээ заадаг сургалтын хөтөлбөрүүд олон байдаг. Номын сан нь л гэхэд шөнийн 00.00 цаг хүртэл ажилладаг. Шалгалт эхлэхээс өмнөх өдрүүдэд номын сан 24 цагаар ажиллаж  оюутнуудаа хичээлээ бэлдэх боломжоор хангадаг зэрэг сурах орчныг маш сайн бүрдүүлж өгдөг. Оюутны дотуур байранд давхар бүрт хичээл хийх өрөө, мини номын сан бий. Оюутнууд чөлөөтэй ашиглаж, хичээлээ хийж болдог.

Амьдрах өртөг

   – Амьдрах өртгийн тухайд өндөртөө орно. Хоол хүнсний үнэ Монголоос үнэтэй. Ялангуяа мах бол үнэтэй. Тиймээс мах сайтар бэлдэж ирэх хэрэгтэй. Тайваньчууд өөрсдөө цалин өндөртэй учраас түүнийгээ дагаад хүнс, хоол өртөг өндөртэй. Дотуур байр жилийн 800-1 сая төгрөгийн хооронд байдаг. Харин гадуур байр түрээслэхэд монгол төгрөгөөр тооцвол нэг сарын 300-500 мянгатай байдаг.

Тайваньд ирэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ…

Тайвань суралцахаар ирэхийн өмнө ирэх гэж байгаа хот, муж, сургуулиа сайн судлах хэрэгтэй. Ямар нэгэн байгууллага, хүнээр зуучлуулж ирж байгаа бол өөрөө бие дааж мэдээлэл цуглуулж, тэтгэлгийн журмаа сайтар судлах хэрэгтэй. Тайвань улсын хувьд маш амгалан, тайван орон. Цаг агаар нь дулаан, чийглэг буюу мөнхийн зунаараа байдаг улс.

Монголчуудын хувьд хоолонд дасах асуудал тулгардаг. Тиймээс наашаа ирэхдээ хоол, хүнсээ базааж ирэхэд гэмгүй. Далайн гаралтай хоол хүнс, гахай, тахианы мах иддэг бол асуудалгүй. Миний хувьд Тайваньд бараг долоон жил болох гэж байна. Ажиглаад байхад манай оюутнууд өндөр төсөөлөлтэй ирчихээд дараа нь гомдол мэдүүлж яваа харагддаг. Хэдийгээр Тайвань улс Азийн бар орон боловч сургууль бүр харилцан адилгүй.

ЯПОН УЛСЫН “САЙТАМА” ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ З.СУГАР

Намайг З.Сугар гэдэг. Би 2010 онд Шинэ Монгол ахлах сургуулийг төгсөөд Японы засгийн газрын тэтгэлгээр Осака хотод суралцахаар ирсэн. Одоогоор эхнэр хүүхдийн хамт Токио хотод амьдарч, Сайтама Их Сургуулийн мастерт суралцаж байна. 2015-2017 оны долдугаар сар хүртэл Япон дахь Монголын оюутны холбооны тэргүүнээр ажилласан.

Японыг сонгох шалтгаан

Багаасаа Япон орныг, соёл спортыг нь их сонирхдог байсан нь сонгох шалтгаан болсон юм. Хүн ер нь өөрөө хаана очихыг хүсч байна тийшээгээ л сайн судалсны эцэст явах хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс гадна Монголоос ойрхон бөгөөд өндөр түвшний боловсролыг тэтгэлэгтэйгээр эзэмших боломж гарсан нь бас нэг том шалтгаан байсан.Монголчуудын хувьд Японы Токио, Чиба, Ёкохама Сайтама хотуудад суралцдаг. Оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж, нийтдээ 2300 гаруй оюутан суралцаж байна.

Сургалтын онцлог, боловсролын чанар

Япон орны хувьд боловсролын түвшин өндөр, тэрийгээ дагаад хувь хүнээс шаардагдах зүйлс нь ч их байдаг.Сургалтын чанар болоод материаллаг бааз бүрэн хангагдсан байдаг тул оюутан хүн хичээвэл юунд ч хүрч болно гэж болох байх.

Амьдрах өртөг

Амьдрах өртгийн хувьд бага зэрэг өндөр ч гэсэн гадаад оюутныг дэмжих тэтгэлгийн сангууд элбэг байдаг тул тийм газруудын талаар мэдээлэл сайн цуглуулж, тэтгэлэг авхад хэрэгтэй шаардлагуудыг нь судлах хэрэгтэй.

Японыг зорихын өмнө юуг анхаарах вэ…

Ер нь Япон гэлтгүй гадаад оронд бие дааж суралцах гэж байгаа оюутнуудын хувьд олны дунд биеэ зөв авч явах, хүмүүстэй эвтэй найртай байх, хариуцлагатай байх зэрэг зүйлс нэн түрүүнд чухал. Хаана ч очсон ямар нэгэн зүйлд харьяалагдах учир орчноо мэдэрч, бусад хүмүүсийн санал бодлыг хүндэтгэдэг, хариуцсан ажлаа цалгардуулалгүй хийж хүний итгэл алдахгүй байж боломжоороо, бусдад тус болж явахад алзахгүй гэж бодож байна.

СИНГАПУР УЛСЫН “AUSTRALIAN COLLEGE”-Н ТӨГСӨГЧ Б.ОЮУНДАРЬ

Сайн байна уу. Намайг Батцэнгэлийн Оюундарь гэдэг. Одоо би 27 настай. Сингапур хот дахь “Australian College”-д аялал жуулчлал, зочид буудлын менежментээр суралцаж төгссөн. Дараа нь үргэлжлүүлэн United Kingdom-ийн “Edinburgh Napier University” –д мэргэжлээ дээшлүүлэн суралцсан. Одоогоор Finamatrix.com гээд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн компанид маркетингийн захирлаар ажиллаж байгаа. Түүнээс гадна “Turquoise-Travel.com” аялал жуулчлалын зөвлөгч компани ажиллуулж эхлээд байна.

Яагаад заавал Сингапур гэж?

    – Яагаад Сингапурыг сонгосон бэ гэж үү. Энэ нь маш энгийн. Азийн орнуудаас англи хэл болон хятад хэлээр ярьдаг улс бол Сингапур. Тиймээс би сонголтоо хийсэн. Миний зорилго бол орчинд хятад хэлийг сурах байсан. Түүнчлэн эх орон руугаа буцахад ойрхон шүү дээ.

Сингапурын боловсролын чанар, сургалтын онцлог

Сингапурт дэлхийд тэргүүлэх, маш сайн сургалттай олон сургууль бий.  Орон орны сургуулиудын кампус харилцан адилгүй. Тиймээс сайтар судалж, шалгаж орох хэрэгтэй болов уу. Мөн үнийн хувьд ч өөр өөр. Анх зургаан жилийн өмнө Сингапурт англи хэлний курст нэг жилийн хугацаатай ирж суралцсан юм. Ерөнхийдөө англи хэлний курсийн хувьд зургаан шатлалтай байдаг. Нэг шат нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд шалгалтандаа тэнцсэн тохиолдолд дараагийн шатанд элсдэг. Зургаан шатаа амжилттай төгсвөл IELTS-д бэлдэнэ. Энэ нь зургаан сараас нэг жилийн хугацаатай. Түүний дараа шууд их сургуульд орох уу эсвэл коллежд суралцах уу гэдгээ шийдэж болно. 

Амьдрах өртөг

Үнэ өртөгийн тухайд өртөг өндөртэй талдаа. Гэхдээ өртөг багатай амьдарч болно. Хямд боломжийн үнэтэй байр эсвэл хоол сонголт зэргээ өөрсдөө зохицуулж болно шүү дээ.

Дээрхээс гадна сөрөг тал гэвэл, Сингапурт оюутнуудыг ажил хийхийг хориглодог. Гэхдээ янз бүрийн чөлөөт арга хэмжээн дээр очиж зөөгчийн ажил хийж болдог тал бий.  Гэвч цалин нь цагийн SG$5 байдаг. Энэ нь мэдээж өртөг өндөртэй Сингапурт амьдрахад хангалттай мөнгө биш. Жишээ нь, Австралид оюутны цагийн ажлын цалин AU$20 байдаг. Мөн 20 цаг ажиллаж болдог хуультай. Ийм л байна. Өөр бусад талаараа бол Сингапур сайхан орон. Азийн бусад орнуудаар аялахад тун тохиромжтой байрлалтай.

Сингапурт суралцахаар сонирхож буй хүмүүст юу гэж зөвлөх вэ…

Сингапур бол олон үндэстэн нэг дор төвлөрсөн хот улс.  Тиймээс би олон хүмүүсийн дунд хэрхэн биеэ авч явах, тэдэндтэй яаж харьцах вэ гэдгийг мэддэг болсон. Хэрвээ оюутнууд англи хэл болон хятад хэлийг хамтад нь эзэмшихийг хүсдэг бол Сингапурыг сонгож болно. Яагаад гэвэл, эндхийн иргэд болон Малайз, Индонез хүмүүсийн ихэнх нь хятад, англи хэлээр маш сайн ярьдаг. Нэн тэргүүнд энд суралцахаар ирэхийн өмнө сургуулиа судалж, сонгосон байх хэрэгтэй. Мөн сургуулийн дотуур байранд амьдарч болох эсэхээ судлах нь чухал. Сингапурын метро хурдан учраас хаана ч байр түрээслэж болно. Өөрөөр хэлбэл, сургуульдаа ирж, очиход нэг их цаг алдахгүй гэсэн үг. Мөн нэг сард 4-5 удаа хичээлээ таслах юм бол оюутны үнэмлэхээ хураалгаж, хөөгддөг. Ер нь Хятадаас ирсэн оюутнууд хичээлээ таслаад нутаг буцах тохиолдол нэлээд гарч байсан. Тиймээс нэгэнт сурахаар ирж байгаа бол хичээлдээ хичээнгүй суралцаж, шалгалтаа өндөр оноотой өгч тэнцэх шаардлагатай. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу