Дижитал маркетингийн үйлчилгээ маркетер болон бизнес эрхлэгчдийн дунд трэнд болж буй. Гэвч энэ үйлчилгээ нь чухам ямар үр өгөөжтэй, үүнийг ашигласнаар бизнест ямар давуу тал, боломж бий болдог талаар мэдэх хүн цөөн. Бид “Greensoft” ХХК-ийн захирал Э.Амартай энэ талаар ярилцсан юм.

Тус компанийн хувьд бизнесийг дижитал орчинд байршуулах цогц үйлчилгээ үзүүлээд 10 жил болж байгаа Монголын мэдээлэл, технологийн салбарын тэргүүлэх компаниудын нэг билээ.

-Шууд гол асуултаасаа яриагаа эхлэх үү? Дижитал орчинд байршуулах үйлчилгээ гэдэг энэ нэр томъёо харьцангуй шинэлэг. Тиймээс манай уншигчдад чухам юуг хэлээд байгааг энгийн үгээр тайлбарлаж өгөөч. 

-Манай компаниас үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг үндсэн үнэ цэнэ бол бизнесээ дижитал орчинд байршуулах цогц үйлчилгээ хэмээн бид тодорхойлдог. Бизнесийг дижитал орчинд байршуулна гэдэг нь тухайн компани интернет орчноос шинэ харилцагч, үйлчлүүлэгч олж авах автомат туслагчтай болж байна гэж ойлгож болно.  Монголын ихэнх бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээ интернет орчинд фэйсбүүк пэйж (page) хэлбэрээр байдаг шүү дээ.  Харин манай компани үйлчлүүлэгчдэд тухайн бизнесийг интернет орчинд ямар ч хайлтын системээс хайхад олддог байхаар дэд бүтцийг нь суурилуулж өгдөг. Ингээд хэрэглэгч тухайн бизнесийг интернет орчноос хайж олоод тэр компаниар үйлчлүүлнэ гэсэн үг. Манайх 2011 онд байгуулагдсанаас хойш 1000 гаруй бизнесийг дижитал орчинд байршуулаад байна. Мөн дан ганц веб сайт хийх үйлчилгээ бус цаг үеэ дагасан  шинэ шинэ үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож байна.

-Тухайлбал, яг ямар ямар үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож байна вэ?

-Бид тухайн компанийг иж бүрэн төлөөлөх веб сайт, фэйсбүүк чатбот, дуудлага бүрийг алдахгүй бүртгэх call center, харилцагчийн бүртгэл болох CRM гэх мэт шат дараалалтай олон үйлчилгээг санал болгодог. Гэхдээ интернет орчинд байршуулсан л бол тухайн компаниар хүн бүхэн орж үйлчлүүлнэ гэсэн үг биш.  Жишээ нь, шүдний эмнэлэг байлаа гэж бодъё. Бүх веб сайт, пэйж хаягаа хийлгэчихээд манайхаар хүн үйлчлүүлнэ дээ гээд бодоод суугаад байвал хэн ч ирэхгүй. Иймээс бид тухайн бизнесийг хэрэглэгчид сошиал болон хайлтын системээс хайхад хамгийн эхэнд олддог байхаар тохиргоог хийдэг. Тухайлбал, нэг хэрэглэгч шүд нь өвдөөд интернетээс “шүдний сайн эмнэлэг” гэж хайхад л илэрцийн хамгийн эхэнд танай компанийн бүтээгдэхүүн гарч ирдэг байхаар тохируулна гэсэн үг юм.

– Энэ нь хайлтын системийн оновчлол гэсэн үг үү?

 -Тийм ээ. Үүнийг SEO буюу хайлтын системийн оновчлол үйлчилгээгээр тохируулна. За, ингээд хайлтын системээр тухайн бизнес олдлоо. Үүний дараа хэрэглэгч хамгийн түрүүнд тухайн компанийн веб сайтаар зочилно. Орчин үеийн хэрэглэгч хэд хэдэн компаниудыг судалж үзэж байгаад энэ компанийн  бүтээгдэхүүн бусдаас ямар давуу талтай, үнэ нь хэр боломжийн байна гэдгийг орж хараад, худалдан авалтаа хийдэг. Энэ үед компаниуд өөрийн гэсэн веб сайт болон хэрэглэгчийн бүртгэлийн системтэй байх ёстой. Тиймээс бид веб сайт болон хайлтын системийн оновчлолын тохиргоог хийсний дараа борлуулалт хийдэг компаниудад CRM үйлчилгээгээ санал болгодог.

-CRM үйлчилгээ нь бизнест ямар давуу талыг олгодог вэ?

Энэ нь танай компанийн харилцагчдын мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, онлайн орчинд удирдаж, менежмент хийх програм гэж ойлгож болно. Дээр хэлсэнчлэн хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнийг онлайнаас хайж олсны дараа тухайн компани руу залгах эсвэл веб сайт, фэйсбүүкээр нь холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл олж авдаг. Тэр бүх үйлдлийг нь компани онлайнаар автоматаар бүртгэж авч байх ёстой. Гэтэл манай бизнес эрхлэгчид компани руу нь аль сувгаар хэдэн хүн хандаад байгаа, хэд нь борлуулалт болж байгаа, хэд нь залгаж мэдээлэл авсан боловч эргэж холбогдоогүй, ямар дуудлагыг алдсан, ямар санал, шүүмж ирсэн зэрэг дата анализ хийх мэдээллийн суурь бааз үүсгээгүй байдаг. Өнөөдөр бүх зүйл технологийн тусламжтайгаар маш хурдацтай хөгжихийн хэрээр хүмүүс бид хэд хоногийн өмнө л хийсэн зүйлээ мартчихдаг болсон байна шүү дээ. Тиймээс бидний голчлон үзүүлдэг Call center, chatbot, CRM, веб сайт бүтээх үйлчилгээ нь хэрэглэгчдийг тухайн компанитай холбож өгөх, улмаар бизнесийн BIG DATA үүсгэх боломжийг олгодог гэж ойлгож болно.

-Нэг үеэ бодвол Call center үйлчилгээг нэлээд байгууллагууд ашигладаг болжээ. Энэ үйлчилгээний давуу талыг хэрхэн үр өгөөжтэй байдлаар маркетингтаа ашиглах ёстой вэ?

-Энэ нь CRM үйлчилгээтэй салшгүй холбоотой. Тухайлбал, веб сайтаар хэчнээн хүн хандсан, дуудлага ирэхэд хэдэд нь хариулсан, хэдэд нь хариулаагүй байна, компани руу хэдэн сарын хэдний өдөр нийт хэчнээн хүн залгасан гэдгийг мэдэж болохоос гадна дуудлага бүрийг бичлэг болон хадгалдаг тул танай ажилтан үйлчлүүлэгчтэй зөв ярьж байна уу, буруу ярьж байна уу? Цаашлаад соёлтой харилцаж байна уу, үгүй юу гэдгийг нь хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, эргээд ажилтнуудаа ч удирдах боломжийг олгодог. Веб сайт, чатбот, дуудлагын аль алинаар нь орж ирсэн хэрэглэгчийг энэ тэд дугаартай, тийм хэрэглэгч байна гээд шууд таньж байх ёстой. Гэтэл зарим компаниуд веб сайтаа манайхаар хийлгэчихээд call center болон chatbot үйлчилгээгээ өөр компаниар хийлгэдэг тал бий. Ингэснээр нөгөө гурван сурвалж маань нийлэхгүй. Чатаар нэг хэрэглэгч мэдээлэл аваад дараа нь залгаж илүү мэдээлэл авах гэтэл энэ гурван үйлчилгээн дээр өөр өөр хүмүүс байгаа учраас ахиад л эхнээс нь мэдээлэл өгөх хэрэгтэй болчихдог. Хэрэглэгчдэд ч бас дахиад л шинээр хандаж байгаа мэт чирэгдэл учруулдаг. Энэ гурван эх сурвалжаас орж ирсэн контактуудыг манай систем багцлаад нэг цогц үйлчилгээ болгодог. Ингээд хэрэглэгч хамгийн сүүлд гэрээний системд шилжинэ.

-Гэрээний систем нь мөн л цаасан хэвлэлийг халсан онлайн програм уу?

-Тийм ээ.Энэ програм нь гэрээ хийхэд шаардлагатай бүх мэдээллийг  автоматжуулсан учраас компани гэрээний загваруудаа бэлтгэж, удирдлагын хэсэгтээ байршуулаад бэлтгэсэн загвар, төрлөөсөө сонгон хэрэглэгчид рүү онлайнаар явуулах эсвэл ирэхэд нь шууд хэвлэж өгөөд гарын үсэг зуруулахад бэлэн байх дижитал хувилбар юм.

-Уг үйлчилгээг зөвхөн веб сайт хийлгэснээр авах боломжтой юу эсвэл пэйж хуудас хийлгэхэд ч энэ үйлчилгээг авч болох уу?

-Тийм ээ, болно. Бүх үйлчилгээг заавал бүгдийг нь авах албагүй. Танд яг ямар үйлчилгээ нь байхгүй байна, ямар үйлчилгээ нь одоо шаардлагатай байна гэдгээсээ хамаараад сонголтоо хийж болно. Жишээ нь, веб сайт хэрэггүй, зөвхөн дуудлага болон чатбот хэрэгтэй компани байлаа гэхэд эдгээр  үйлчилгээнүүдээ л авч болно гэсэн үг. Гэхдээ эцсийн дүндээ энэ үйлчилгээнүүдээс сонголоо гэхэд CRM үйлчилгээгүй бол дутуу дулимаг болдог. Хэрэв эдгээр үйлчилгээ цогц байгаа бол үүний дараа төлбөрөө хийхдээ нэхэмжлэлийн програмыг онлайнаар үүсгээд явчихвал цаг хугацааг маш их хэмнэхээс гадна бүх дата нэг цонхонд төвлөрөх давуу талыг тухайн компанид олгодог. Мөн CRM-ийн бас нэг том давуу тал нь бизнесийн амжилтын хамгийн чухал хэсэг болох санал гомдлын системд хэрэглэгчдийн санал гомдлыг хүлээн авах байдаг. Жишээ нь, банканд нэг хэрэглэгч гомдол гаргахад эргэж, нөгөө хүн рүүгээ холбогдож асуудлыг нь шийдээд, энэ асуудлыг хаах хүртэлх механизмыг бүртгэлжүүлдэг гэсэн үг. Удирдлагын төвшинд ч гэсэн манайд ямар гомдол түлхүү ирж байна, түүнийг хэрхэн яаж шийдэх вэ гэдгийг мэдэж авснаар энэ төрлийн асуудлыг ингээд шийдчихвэл, дахин ийм гомдол ирэхгүй болох нь гэдгийг мэдрэх зэргээр бизнест маш их эерэг нөлөө, шийдлийг өгдөг.

-Мессеж маркетинг буюу “mass message” түгээх үйлчилгээг компаниуд хэр их авдаг вэ?. Бизнесийн харилцаанд чухал үүрэгтэй дижитал үйлчилгээнүүдийн нэг шүү дээ.

-Монголд харилцагчаа халамжлах гэдэг соёл дутмаг байна. Энэ нь очоод гарыг нь илээд, бэлэг сэлт өгөөд байх тухай биш л дээ. Танай компанийг сонгосон  харилцагчдаа дараа дараагийн бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнийхээ талаар байнгын мэдээлэл өгч байх болон баяр, тэмдэглэлт өдрүүдээр мэндчилгээ дэвшүүлэх зэрэг байнгын холбоотой байх үйлдлүүд багтана. Бидний зүгээс дижитал орчинд ажиллах, борлуулалт хийх, хэрэглэгчээ халамжлахад нь туслах технологийн бүтээгдэхүүнүүдийг тэдэнд санал болгодог. Манай веб үйлчилгээг одоогоор 1000 гаруй компани ашиглаж байна. Бусад үйлчилгээний хувьд сүүлийн хоёр жилийн дотор гарсан бөгөөд идэвхтэй 1000 хэрэглэгч маань шинээр санал болгож буй үйлчилгээг ч хэдийнээ аваад эхэлсэн. Мөн шинэ компаниуд ч хэрэглэж эхлээд байгаа.

-Мессеж маркетинг үйлчилгээг улс төрийн зорилгоор хааяа нэг ашигладгаас  бизнес эрхлэгчид маань тэр бүр  боломж гэж харахгүй байна уу?

-Ер нь бол тийм. Манайхан олон нийтэд мэдээлэл түгээх масс и-мэйл, мессеж маркетинг үйлчилгээний талаар жаахан буруу ойлголттой байдаг. Хаа хамаагүй 300000 хүний дугаар олоод тэр бүх хүн рүүгээ мессеж явуулчихдаг. Энэ нь үр дүнгүй юм. Уг нь бол тухайн бизнесийг сонирхож буй болон сонирхож магадгүй хүмүүсийг олж тэдэнд энэ үйлчилгээг ашиглан мэдээллээ явуулах нь илүү өгөөжтэй. Ингэхийн тулд эхлээд зорилтот бүлгээ тодорхойлох ёстой. Тухайн дугааруудаа бизнесийн байгууллагууд маань өөрсдөө цуглуулбал их зүгээр.  Манайхаас Call center үйлчилгээг авсан байгууллагууд бол залгасан хэрэглэгчид рүүгээ мессеж илгээх боломжтой. Өөрөөр хэлбэл, залгаж мэдээлэл авсан тэр хүмүүс нь тэдний зорилтот хэрэглэгчид юм. Эсвэл нэг эвент зохион байгуулаад тэнд хүрэлцэн ирсэн хүмүүсийн дугаарыг нь бүртгэж, эргээд тэр дугааруудаа нэг жагсаалт болгон мессеж маркетинг хийвэл илүү хялбар болно. Зөв хүндээ, зөв цагт хэрэгтэй үйлчилгээг санал болгоход энэ үйлчилгээг ашиглана.

-Easy shop-ийн талаар яриач. Энэ үйлчилгээ манайд одоо л хөгжих гээд байх шиг.

-Онлайн шоп гэдэг нь веб сайтаа өөрөө хийх шиг хялбар зүйл болчихсон. Бизнес эрхлэгчид  бараа бүтээгдэхүүнийхээ зургийг үнэтэйгээ оруулаад л тэрийг нь яаж худалдан авах, захиалга хийх функцууд нь манайд бэлэн байдаг. Дижитал соёл олон үе шаттай.  Нэг компани байлаа гэж бодоход эхлээд домайн нэрээ худалдаж авсан байх шаардлагатай. Хоёрдугаарт, бизнес и-мэйл хэрэглэх соёлд суралцсан байх хэрэгтэй. Дараа нь веб сайттай болох зэргээр шат шатны дамжлагуудыг хийх хэрэгтэй. Тэгэхгүйгээр ихэнх газрууд хүний нөөцөө ч бүрдүүлээгүй байж 100 хувь дижитал компани болох гээд байдаг. Гэтэл амьдрал дээр хэзээ ч ийм юм байдаггүй. Дэс дараатай, алхам алхмаар сайжирч байж дижитал болох нь зүйтэй.

-Танай компани эдгээр үйлчилгээнээс гадна бас сургалт явуулдаг гэсэн. Тухайлбал, яг ямар чиглэлийн сургалтууд байна вэ?

-Манайх олон төрлийн сургалт явуулдаг. Хамгийн эрэлттэй нь фэйсбүүк дээр хэрхэн яаж, оновчтой сурталчилгаа хийх тухай байдаг. Эхлээд фэйсбүүк хуудсаа хэрхэн нээх, түүний тохиргоог хэрхэн хийх асуудал чухал. Дараа нь хэрхэн хямд төсвөөр сурталчилгаагаа цацах вэ гэх мэт. Тэрчлэн веб сайтаа өөрөө хийх сургалтаас гадна програмчлалын нарийн зүйлийг суръя гэвэл тэр чиглэлийн сургалтуудыг ч хийж байгаа. Мөн байгууллагын дотоод соёлыг автоматжуулах үйлчилгээний сургалт байгаа.

-Asana, slack гэх мэт програмуудыг нэвтрүүлэх үйлчилгээ гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Asana гэдэг нь төслийн менежментийн програм. Өөрөөр хэлбэл, нэг ажил үүсгээд ямар ажлыг хэн хэрхэн хийж, хэзээ дуусгасан байхыг төлөвлөсөн програм гэж ойлгож болно. Үүнийг ашигласнаар хийх ажил утсанд чинь мэдэгдлээр ирэх ба хэрэв хийгээгүй байвал орой нь ахин сануулдаг програм байгаа.  Ер нь байгууллагын захирлууд дижитал үйлчилгээ авчхаад тэрийгээ дан ганц IT инженертээ даатгаад орхичихдог. Тэгэхээр байгууллагууд 100 хувь дижитал болж чадахгүй байгаа юм.  Дижитал болно гэдэг нь зөвхөн байгууллагын IT инженерийн хийчихдэг зүйл биш. Удирдлагаасаа эхлээд л бүгд ашиглаж, дижитал мэдлэгтэй болох асуудал юм.

-Үүнийг ярьсан “Origo chicken” санаанд орлоо л доо. Тэднийх “Viber” ашиглаж үйлчилгээгээ явуулдаг гэсэн. Энэ нь нэг төрлийн дижитал болж байгаагийн илрэл үү?

-Тийм. Тэд Viber ашиглаж, тодорхой төвшинд дижитал оффисоо шийдсэн гэсэн үг. Манайд дижитал оффис ашигладаг олон байгууллагууд байдаг. Фэйсбүүк  workspace гээд бизнесийн шинэ хувилбар гаргасан байгаа. Мөн Slack, viber, line гээд ямар ч програм ашиглаж болно. Гол нь эдгээрийг соёл болгож нэвтрүүлэх нь чухал.

Бизнесийн байгууллагад зорилтот хэрэглэгчдээ зөв тодорхойлох гэсэн том асуудал тулгардаг л даа. Зорилтот бүлгээ хэрхэн тодорхойлбол хамгийн оновчтой болох вэ?

-Таны интернет дээр хийж байгаа үйлдэл, дарсан линк болгон цаанаа цахим сервер дээр хадгалагдсан байдаг. Жишээлбэл, батганы эсрэг бүтээгдэхүүн зардаг байгууллага байлаа гэж бодъё. Тэд магадгүй хэн рүү boost хийхээ мэдэхгүй байна. Тэгвэл  сүүлийн гурван жилд  google, facebook дээр “батга” гэж хайсан хүмүүсийг олоод “Boost” хийвэл илүү амжилттай болно гэх мэт. Фэйсбүүк ашигладаг Монголын 1,500,000 хүн рүү boost хийе гэвэл мөнгөө зүгээр л салхинд хийсгэж байгаа хэрэг. Тиймээс яг зорилтот 10,000 хэрэглэгч рүү boost хийх нь гаргасан зарлагаасаа илүү орлого олох боломжийг нээж өгдөг.

-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Та маш сайн сайт хийлгэхэд юуг анхаарах ёстой талаар зөвлөөч? Байгууллагууд юун дээр алдаж байна гэж бодож байна?

бизнес веб сайтыг дэлхийн стандартын дагуу хийх нь тохиромжтой

-Монголын ихэнх компаниуд сайтыг их буруугаар хийдэг. Тийм болохоор бизнесийн сайтуудын зорилго, ороод хийх үйлдэл нь маш тодорхой бус бэлгэдэл төдий юм шиг харагддаг. Бид “Хэрэв Apple компани Монголын сайт байсан бол” гэсэн концепц гаргасан. Та бүхэн apple.page.mn- ээс яг одоо үзэж болно. Монголын бизнесийн ихэнх сайт руу ороод харангуут бидний тухай, мэдээ мэдээлэл, захирлын мэндчилгээ гэсэн цэсүүд байдаг. Яг үнэндээ бүтээгдэхүүн үйлчилгээ сонирхож буй хүнд ерөнхийлөгчийн мэндчилгээ ямар ч хамаа байхгүй. Гэтэл жинхэнэ Аpple-ийн сайтыг харвал зарж байгаа бараануудаа л байршуулсан байдаг. Компанийнх нь тухай харъя гэвэл нэлээд хайж байж л олно доо. “Эрхэм зорилго”, “Алсын хараа” зэрэг хэрэггүй цэсүүд олон байдаг. Ийм болохоор Монголын сайт руу ороод бүтээгдэхүүн захиалах боломж хөгжихгүй байгаа юм. Сайт руу ороод хийх үйлдлүүд нь маш тодорхой байх хэрэгтэй. Захиалах юм уу, чатлах юм уу, залгах юм уу гэсэн тодорхой хэдэн үйлдэл хийх, цэстэй байхыг манайх санал болгодог. Мөн гаргадаг хоёр дахь алдаа нь гэвэл мөнгөө л төлж байвал хүссэнээ хийлгэнэ гэдэг философитой үйлчлүүлэгчид. Манайхан бусдаас өөр байх ёстой гэсэн шаардлагыг их тавьдаг л даа. Энэ нь бүх стандартыг зөрчиж хүссэн загвараараа веб сайтаа хийлгэснээр буцаад сайт ажиллах болон хэрэглэгч хандахад илүү төвөгтэй байдалд хүргэдэг. Веб сайтаар IT-ийн мэдлэгтэй болон мэдлэггүй маш олон хүн хандана шүү дээ. Тэр үед нь яг гол гол зүйлээ эхэнд байршуулаагүйгээс болж хэрэглэгч сайтаас гараад явчихаж ч мэднэ. Яахав, өөрт нь таалагдаж болно. Гэхдээ бизнес веб сайтыг дэлхийн стандартын дагуу хийх нь тохиромжтой.

-Ингэхэд Landing page нь веб сайтаас юугаараа ялгаатай юм бэ?

-Landing page (газардах хуудас) нь ерөнхийдөө веб сайт гэсэн үг л дээ. Гэхдээ маш тодорхой зорилготой нэг хуудсыг л хэлж байгаа юм. Нэг ресторан байлаа гэхэд тэдэнд веб сайт биш харин Landing page хэрэгтэй. Үйлчлүүлэгчид хуудас руу ороход тухайн газрын яг одоо нээлттэй эсэх, ямар, ямар хоолны цэстэй, хаана байдаг зэрэг нь их чухал.  Google maps-тэй холбож өгснөөр тухайн үйлчлүүлэгч байгаа газраасаа хэдэн км зам туулан, яаж очих талаар тодорхой харуулах тул маш их хэрэгтэй.  Мөн суудал захиалах бүртгэл хэсэг ч байх ёстой.

-Та дээр хэд хэдэн удаа дурдсан веб сайтаа өөрөө хийх үйлчилгээ гэдэг нь ямар үйлчилгээ вэ? Танайх энэхүү үйлчилгээгээ хэрхэн санал болгодог вэ?

-Бид гарааны бизнесээ дөнгөж эхэлж байгаа, санхүүгийн боломж бололцооны хувьд хязгаартай хүмүүст энэхүү үйлчилгээг илүүтэй санал болгодог. Үйлчлүүлэгчид маань онлайн хичээлийг нь үзээд, технологийг нь сурсны дараа өөрсдөө веб сайтаа хийж, цэсүүдээ үүсгэн хөгжүүлэх боломжийг олгодог. Манайхаар веб сайт хийлгэсэн хүмүүс дараа нь нэгэнт мэддэг болсон учраас дараа дараагийн веб сайтаа хийлгэхээр дахин хандахдаа энэхүү үйлчилгээг сонгох нь их байдаг. Монголд веб сайт хийлгэх доод үнэ гэхэд л сая төгрөгөөс эхэлдэг жишиг бий. Гэтэл манайхаас санал болгодог веб сайт өөрөө хийх үйлчилгээний хувьд, нэгэнт биднээр хийлгээгүй өөрөө бүгдийг хийж байгаа тул бусад нэмэлт зардлууд шингээгүй, суурь үнийн төвшинд боломжийн үнэтэй бөгөөд нэг жилийнх нь үнэ ердөө 133 мянгаас эхэлж байгаа нь хямд төсвөөр өөрийн гараар веб сайттай болох боломжийг олгож байна. Дараагийн нэг давуу тал нь веб сайтаа өөрөө хийж ашиглах нь таны сайтыг амьд байлгана, энэ бол маш олон бизнес дээр батлагдсан. Таны бизнес, үйл ажиллагааг танаас өөр хамгийн сайн мэдэх хүн байхгүй шүү дээ. Та өөрийн бизнес үйл ажиллагаагаа ямар нэгэн дундын “орчуулагч”-гүйгээр (веб мастер, вебийн компани) шууд хэрэглэгчдэдээ өөрийн үг, дизайнаар цаг алдалгүй хурдтай хүргэх боломжтой гэсэн үг.

– Их сонирхолтой байлаа. Цаг зав гарган манай уншигчдад ийм амьд, хэрэгцээтэй мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье!

– Баярлалаа. Орчин үеийн технологийн хөгжил дэвшилтэй мөр зэрэгцэн алхаж, шинэ, шилдэг шийдлүүдийг ажил амьдралдаа хэрэгжүүлэн улам бүр дээшлэн дэгжиж явахыг та бүхэндээ хүсэн ерөөе өө!

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу