Тусгаарлагдсан иргэд халуунаа шалгуулахгүй гэсэн шалтгаанаа ингэж тайлбарлаж байна

0
2381

ЭМЯ тусгаарлагдсан иргэдийг чухам ямар шалтгаанаар зөрчил үүсгэсэн талаар тайлбар хийсэнгүй

Тусгаарлагдсан иргэдийг халуунаа үзүүлэхгүй, эмч нартай зөрчилдөж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Жаргалантын аман дах сувилалд байгаа БНСУ-ын Дэгү, Пусан чиглэлээс ирсэн 17 иргэн бий. Дээрх иргэд өчигдөр халуунаа хэмжүүлэхгүй гэсэн зөрчил гаргасан” гэх мэдээллийг өгсөн юм. Гэхдээ чухам ямар үндэслэлээр ийнхүү эсэргүүцэл үзүүлсэн талаар дорвитой мэдээллийг өгсөнгүй. Тиймээс бид газар дээрх нөхцөл байдал ямар байгаа талаар Жаргалантын аманд тусгаарлагдсан иргэдээс тодруулга хийлээ.

Тусгаарлагдсан иргэн Т: Манай өрөөнд таван хүн тусгаарлагдсан. Бид өөрсдийн халууныг хэмжээд цаг тухай бүрт нь мэдээллэдэг. Харин сувиллын газраас хоногийн 50-80 мянган төгрөгийн төлбөр авна гэдэг мэдээллийг сонсоод бид эмч, ажилчдаас тодорхой буюу үнэн зөв мэдээллийг шаардсан. Учир нь энд байгаа хүмүүс дотор оюутнууд их бий. Хүний нутагт сурч хөдөлмөрлөхийн зэрэгцээ, төлбөр мөнгөө олох гэж маш хүнд ажлуудыг хийдэг. Ээж аавдаа ачаалал үүрүүлэхийг хүсдэггүй. Тийм байтал эх орондоо ирэнгүүтээ төлбөрт унана гэхээр хэн ч л бухимдана шүү дээ. Гэтэл үүнийг Эрүүл мэндийн яамнаас сенсаацалж олон түмэнд нэг талын байр суурийг хүргэсэн. Үүнээс нь болж сошиал орчин дахь бидний талаарх сэтгэгдэл хэрээс хэтэрлээ. Сэтгэл санаа хүнд байна. Мөн нэг хүн дээрх асуудлыг үүсгээгүй. Тусгаарлагдсан 17 иргэн бүгд л төлбөр мөнгөний асуудлыг өөр хоорондоо ярьж, зөв мэдээллийг авахаар шаардлага тавьсан. Эмч нартай биеэр уулзах хүсэлт тавьсан ч тэд хүлээж аваагүй. Төлбөрийн талаарх тодорхой мэдээллийг авахаар утасны цаанаас үл ойлголцсон төдий. Бид халууныхаа мэдээллийг утсаар сувиллын ажилчдад өгөөгүй л болохоос биш цаг тухай бүртээ өөрсдийнхөө халууныг үзэж, нэгэндээ хяналт тавьсан.

Тусгаарлагдсан иргэн А:   Энд тусгаарлагдсан хүмүүс халуунаа 2 цаг тутамд өөрсдөө шалгадаг

Миний хувьд оюутан. Амралтаараа Монголдоо ирэх санаатай билетээ бичүүлэхээсээ өмнө Эрүүл мэндийн яамнаас тусгаарлах эсэхийг лавласан. Гэтэл надад тусгаарлахгүй гэж хэлсэн. Онгоцноос буунгуут тусгаарласан. Тусгаарлаад долоо хонож байгаа хэрнээ нэг ч шинжилгээ аваагүй.  Корона байтугай шээсний ч шинжилгээ аваагүй.  Тэгснээ 14 хоногийн дараа гэрлүү чинь явуулна гарахдаа хоногийн 80 мянган төгрөг төлөөрэй гэсэн. 14 хоногийн 1.120.000 мянган төгрөг төлөх болчихоод байгаа.  Энд тусгаарлагдаж байгаа хүмүүс өөрсдийнхөө халууныг 2 цаг тутамд шалгадаг. Тэгэнгүүт эмнэлгийн ажилчид утасдаж асуудаг.

Тиймээс бид халуунаа буруу хэлвэл яах юм. Хэрэв халуунтай байсан хүн өөрийгөө халуунгүй гэж хэлж байгаад 14 хоноод гараад явчихвал яах юм.  Бусдадаа халдаана гээд би айж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.

Тусгаарлагдсан иргэн Б: Төлбөрийн асуудлаа тодорхой болгохыг шаардаж халуунаа үзэхгүй гэсэн юм шиг байна лээ

Бид гэр бүл, эргэн тойрноо бодож өөрсдөө сайн дураараа тусгаарлагдсан хүмүүс. Онгоцноос буухдаа эрүүл мэндийн хуудсаа үнэн зөв мэдээллэсэн. Бид нараас өөрөөр бөглөөд тусгаарлагдахгүй өнгөрсөн хүмүүс бишгүй л байгаа. Гэтэл  Эрүүл мэндийн яамны мэдээллээс болж  олон нийт тусгаарлагдсан иргэдийг янз бүрээр хэлж байна.

Халуунаа мэдээллэхгүй байна гэдэг асуудал гарсан.  Энэ нь эмч нараас мэдээлэл шаардаж зөрчилдсөнтэй холбоотой гэж ойлгож байгаа. Анх биднийг тусгаарлахад ямар ч мөнгө төгрөг яригдаагүй. Гэтэл өчигдөр Онцгой байдлаас гарсан зардлыг бид нараар өөрсдөөр нь төлүүлнэ гэдэг мэдээллийг өгч байсан. Ямар учраас мөнгө төгрөг өгөхөөр болчихов гэдэг мэдээллийг эмч нараас асуусан төдий. Бидний хувьд  цаг тутамд өөрсдөө халуунаа үзэж утсаар мэдээлэл өгч байгаа. Одоогоор ямар нэгэн шинжилгээ авсан зүйл байхгүй. Бидэнд зөвхөн хяналт тавьж байгаа учраас шинжилгээ авах шаардлагагүй гэсэн.

Энд тусгаарлагдсан иргэд өрөөндөө тавуулаа байгаа.  Хоол унд идэхдээ  аяга тавгаа хаалгаараа гаргаж тавиад л  хоол хийнгүүт нь аваад иддэг.  Харин өөрсдийн халуунаа үзэхдээ хэн хэнийгээ хянаад явчихдаг. Бид төлбөрийн талаар тодорхой мэдээлэл авахаар холбогдох газруудруу холбогдсон. Мэдээлэл  өгөөгүй байна.

Д.Дуулим

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!
Энд дарж нэрээ оруулна уу